Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “5.2.2.Төсөл, тендерийн шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгож “Шилэн тендер шалгаруулалт” бодлого хэрэгжүүлнэ.” гэж заасан бөгөөд уг үйл ажиллагааны хүрээнд “Цахим худалдан авах ажиллагааны систем” шинэчлэгдэн өмнө нь ашиглагдаж байсан “Засгийн газрын худалдан авах ажиллагааны портал” /www.e-procurement.mof.gov.mn/, “Худалдан авах ажиллагааны хяналт, үнэлгээ шинжилгээний мэдээллийн систем” /www.pmmis.mof.gov.mn/, “Цахим худалдан авах ажиллагааны систем” /www.meps.gov.mn/-үүдийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоож, энэ оны худалдан авах ажиллагаа “Худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулагдаж эхлээд байгаа билээ. Уг шинэчлэлттэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Сангийн яам болон Дэлхийн банктай хамтран шинэ системийн танилцуулга, сургалтыг Улаанбаатар хотод 2016 оны 12 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Өмнөх сургалттай холбоотой мэдээнд орон нутагт удахгүй зохион байгуулах тухай дурдаж байсан бол энэ удаа “Худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем”-ийн сургалт 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Увс, Ховд аймгуудад амжилттай зохион байгуулагдсанаар эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Сургалтанд тухайн орон нутагт байрлалтай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан “Захиалагч” байгууллагууд болон “Тендерт оролцогч” байгууллагуудын төлөөллийг хамруулан системээ танилцуулж, дадлага ажил хийлгэлээ. Мөн тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээлэл уг систем дээр байрших ёстой гэдгийг сануулан хэлж байв.
Цахим системийн сургалтын хамтаар орон нутаг дахь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт” /А3 сертификат/-ыг явуулж, түүний шалгалтыг нэгдсэн системийн нэг дэд систем болох “Цахим шалгалт”-ын системийг ашиглан амжилттай зохион байгууллаа.
Сургалттай холбоотой статистик мэдээллийг дор үзүүлэв.
Цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухайд дараагийн сургалт болох аймгийн нэр, сургалтын хуваарь гарсан бөгөөд 1 дүгээр сард багтаан Монгол Улсын баруун захын 5 аймагт сургалтыг зохион байгуулж дуусгах төлөвтэй байна.
МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА