2017 оны 3 дугаар сар 17-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн анхдагч байгууллагаар тодорхойлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагын зүгээс “Батламж” гардууллаа. Тоон гарын үсгийг үйлчилгээндээ нэвтрүүлснээр төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системээр дамжуулан цахим тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүд тус системд нэвтрэхдээ тоон гарын үсэг ашиглан нэвтрэх ба тендерийн материал илгээхдээ тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар шууд илгээх нөхцөл бүрдсэн юм. Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг “Үндэсний дата төв” УТҮГ-т байгуулснаар тоон гарын үсэг ашиглах техникийн боломж бүрдэж байна. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхлээд байна. Төрийн болон бизнесийн байгууллагууд, иргэдэд тоон гарын үсгийг олгосноор бүх төрлийн гэрээ хэлцэл, тайлан, албан хэрэг хөтлөлт, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар үйлдэх, хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр цаасан баримт бичгийн хэрэглээг багасгаж, цаг хугацаа, зардал хэмнэх, бүтээмж нэмэгдэж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, улмаар авлигыг бууруулах чухал хүчин зүйл болох юм.
Тус үйл ажиллагааны үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас цахим хэлбэрээр зарлагдсан “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/” тендерийн нээлтийг оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн хамтаар хийлээ.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР