Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит үйлдвэр, компаниудын үйл ажиллагаа, ажил байдалтай газар дээр нь танилцах ажлыг 2017 оны 5 дугаар  сарын 5-ны өдөр УБЦТС ТӨХК-аас эхлүүллээ.  

Энэ ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, дэд дарга, А.Дагвадорж, Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар УБЦТС ТӨХК-д ажиллав.

Энэ өдөр компанийн Удирдах ажилтны тавдугаар сарын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн болж бүх удирдах түвшний ажилтнууд болон ахлах зэргийн инженер, мэргэжилтнүүд, компанийн ҮЭХ-ны дарга, тэргүүлэгчид цугларч, ТӨБЗГ-ын удирдлагуудаас хүссэн асуултаа асууж, хариултаа авсан юм.

УБЦТС ТӨХК нь одоогоос 85 жилийн өмнө үүсэн байгуулагдсан бөгөөд 2001 онд Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь бодлого, чиглэлийн 19 хэлтэс алба, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан, Налайх, Зуунмод зэрэг есөн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”, тэдгээрийн хоёр салбар танхим, Өндөр хүчдэл, Налайх, Зуунмод, Баруун, Зүүн зэрэг таван Түгээх төвийн нийт 1868 ажилтантай (2016 он)-аар хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээх, зохицуулалттай хангах үндсэн үйл ажиллагаанаас гадна бусад ажил үйлчилгээг амжилттай явуулж байна.

Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд:

  1. Цахилгаан эрчим хүч түгээх;
  2. Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах;
  3. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/;
  4. Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/;
  5. Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурлилуулах, худалдах;
  6. 35, 10, 6, 0.4 кВ-ын хуваарилах байгууламж, дэд өртөө, шугам тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний монтёрын мэргэжил олгох, давтан сургалт явуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тус компани нь Улаанбаатар хот, Төв аймгийн нутаг дэвсгэрт харьяалах 350 мянга орчим хэрэглэгч буюу Монгол Улсын нийт хүн амын 48 хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг хамгийн том түгээх сүлжээ компани болтлоо өргөжин хөгжсөөр байна.

УБЦТС ТӨХК –ийн эзэмшлийн суурилагдсан шугам тоноглол:

  • 35 кВ-ын 54 дэд станц,
  • 6-10 кВ-ын 2026 дэд станц,
  • 6-10 кВ-ын 62 хуваарилах байгууламж,
  • 6-35 кВ-ын 2465 км цахилгаан дамжуулах агаарын шугам,
  • 6-35 кВ-ын 1159 км цахилгаан дамжуулах кабель шугамаар
  • Суурилагдсан нийт хүчин чадал 1601.4 МВА.

Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний ачаалал:

Нийслэлийн цахилгаан эрчим хүчний ачаалал 2016 оны эцэст 541 МВт болж жилд дунджаар 5.5 хувиар өсөж байгаа ч нэг хэрэглэгчид ногдох тасалдлын дундаж хугацаа тогтмол буурч байна.

 Цахилгаан эрчим хүчний борлуулалтын үзүүлэлт:

2016 онд нийт 2.1 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж, борлуулалтын төлөвлөгөөт орлогыг 100.5 хувиар буюу 1.2 тэрбум төгрөгөөр илүү төвлөрүүлсэн бөгөөд цахилгаан эрчим хүчний алдагдлыг төлөвлөгөөнөөс 1.1 хувиар бууруулж, ашигтай ажилласан үзүүлэлттэй байна.

УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдийн өсөлтийг хангаж, үйлчилгээгээ хүртээмжтэй, чанартай болгох, шугам тоноглолын ашиглалтын найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн 5 жилд дараах техник, технологийн дэвшилтэт арга хэлбэрийг байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

  • 6-35 кВ-ын түгээх сүлжээний нейтралийн горимыг резистив газардуулгад шилжүүлж, дотоод хэт хүчдэлийг бууруулах мөн газардлагын хамгаалалтыг ажиллуулах технологийг улсын хэмжээнд анхлан нэвтрүүллээ.
  • Диспетчерийн шуурхай ажиллагааг шинэ түвшинд хүргэх SCADA системийг 2015 оноос эхлэн үе шаттай нэвтрүүлсэн бөгөөд одоо 30 объектыг холбон өдөр тутам хянаж ашиглаж байна. Мөн газарзүйн мэдээлэлд суурилсан түгээх сүлжээний өгөгдлийн менежментийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  • Гадуур ажиллах хүчний “Гялс систем”-ийг нэвтрүүлж, ажлын даалгавар, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цахимаар өгдөг болсон.
  • Цахилгаан эрчим хүчний техникийн алдагдал болон борлуулалтын зүй бус хэрэглээг бууруулах, ажил хөнгөвчилж зардал хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой ухаалаг тоолуурын нэгдсэн системийг нэвтрүүллээ. Өнөөдөр манай хэрэглэгчдийн 60 хувь нь электрон болон ухаалаг тоолуураар хангагдаад байна.
  • Хэрэглэгчдэдээ үйлчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинээр нэвтрүүлсэн цахим үйлчилгээ http://my.tog.mn, Дуудлагын төв 70047004, Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан үйлчилгээг шуурхай хүргэж байна. Өнөөдөр http://my.tog.mn цахим үйлчилгээг 80 мянга гаруй хэрэглэгч тогтмол ашиглаж байгаа бол, Дуудлагын төв рүү өдөр бүр 24 цагийн турш дунджаар 5 мянган хэрэглэгч хандаж шаардлагатай мэдээлэл, лавлагааг авах, ажлын захиалга, санал, гомдол өгөх зэргээр үйлчлүүлж байна.  Анх байгуулагдсан 2013 онтой харьцуулахад дуудлагын тоо өссөн боловч өргөдөл гомдлын эзлэх хувь 0.1 хувь хүртэл буурсан.

Дуудлагын төв, цахим үйлчилгээнээс гадна биечлэн харилцах шаардлагатай хэрэглэгчдийг нийслэлийн бүх дүүрэг болон Зуслан, Төв аймгийн Зуунмод сум дахь хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд хүлээн авч үйлчилдэг.

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал удирдлагын тогтолцоо, шаардлага “MNS OHSAS 18001:2012 стандарт”-ыг үйл ажиллагаандаа эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаас анхлан бүрэн нэвтрүүлсэн байна.