Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 129 дүгээр тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төлөөлөл оролцуулан байгуулсан.

Уг ажлын хэсгийнхэн 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө танилцуулж, санал авах уулзалт хийж байна.

Орон нутгийн өмчийн газрынхан уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутагт тохиолддог бэрхшээл болон тулгамдсан асуудлын талаар оруулах санал гаргаж байна.

Ажлын хэсэг нь цаашид бусад орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцох юм.