Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2017 оноос эхэлж төрийн үйлчилгээнд “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү систем нь  төрийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн  худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, урилга, цахим тендер шалгаруулалт,  үр дүн, гэрээний хэрэгжилт гээд худалдан авах ажиллагаатай холбогдох бүхий л үйл ажиллагааг цахим орчинд шийдвэрлэх, нөгөө талаас аж ахуйн нэгжүүд төрийн худалдан авалтанд оролцох нэгдсэн систем юм.  

Одоогоор төрийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нийлсэн 943 байгууллага захиалагч байгууллагаар бүртгүүлж, 2017 оны худалдан авалтын төлөвлөгөө нийтэлж, түүний дагуу худалдан авах ажиллагааг  цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулж, тендерийн урилга, үр дүнгийн мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлж байна. Мөн цахим хэлбэрээр бүртгүүлэх хүсэлт илгээж нийлүүлэгч 1456 байгууллага, аж ахуйн нэгж тус системийг идэвхтэйгээр ашиглаж тендер шалгаруулалтанд оролцож байна.

Захиалагч, нийлүүлэгчдэд  мэргэжил арга зүйн зөвлөгөөг түргэн хугацаанд оновчтой хүргэх зорилготойгоор тус газрын Мэдээлэл технологийн албанаас https://tender.gov.mn “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”–д онлайн туслах үйлчилгээний цэсийг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр тус системтэй  холбоотой тодруулах зүйлийг онлайн туслах үйлчилгээгээр дамжуулан түргэн хугацаанд асууж тодруулах боломжтой юм.

Мэдээлэл технологийн алба