Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  21 аймгийн Орон нутгийн өмчийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хаагч, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, хуулийн мэргэжилтэн нарт танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь 1996 онд батлагдсанаас хойш 27 удаа нэмэлт, өөрчлөлт орсноос хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсч, хуулийн зохицуулалтын үр нөлөө буурсан учир зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага бий болсон. Үүний дагуу ЗГХЭГ-ын даргын 2017 оны 126 дугаар тушаалаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадоржоор ахлуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байгаа билээ.  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн батлуулснаар хуулийн зохицуулалтын давхардал, зөрчлийг арилгах, өмчийн тухай ойлголтыг эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан шинээр тодорхойлох, өмчийн удирдлагыг боловсронгуй болгох, өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн нэгжийн эрх, үүргийг тодорхой болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх юм.