“Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд 9 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын явц, 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт, аваарын нөөц бүрдүүлэх тухай, хөндлөнгийн аудитын байгууллага сонгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хангаж, аваарийн нөөцийг нэн даруй бүрдүүлж ажиллахыг гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт, өвлийн ачааллын үед хэрэглэгчдийг батлагдсан горимын дагуу эрчим хүчээр хэвийн найдвартай хангах, осол сааталгүй ажиллахыг ерөнхий инженер Ө.Жаргалсайханд тус тус үүрэг болголоо.
Компанийн худалдан авах ажиллагаа, их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажилд төлөвлөсөн хөрөнгийг төлөвлөгөөт хугацаанд багтаан дуусгах, тодотголд тусгагдсан худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулах, Сангийн яамнаас баталсан “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ын дагуу бичмэл тайланд худалдан авах ажиллагааны тоо, гүйцэтгэл, үр дүнг үнэн зөв тусгаж тайлагнах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баримталж буй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах, худалдан авалтад тавих хяналтыг сайжруулан ажиллахыг даалгалаа. Мөн хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулж, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журмыг хэлтэс, албадын уялдаа холбоог сайжруулах зэрэг үүрэг даалгаврыг албан тушаалтнуудад өглөө.