Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2, 66 дугаар зүйлийн 3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын баталсан 2017 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Ажлын хэсэг тус байгууллагын газрын санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, захиралтай байгуулсан гэрээ болон “Өмч эзэмшлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, явц, өр авлага түүний барагдуулалт, тооцоо нийлсэн акт, байгууллага аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл, худалдан авалтын үйл ажиллагаа зэргийг шалгаж дүгнэлт гаргалаа. Тус компани 2015 онд 1,5 сая төгрөг, 2016 онд 3,6 сая төгрөгийн татварын дараах ашигтай ажиллажээ.
Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчсөн зөрчил, дутагдал илэрчээ.
Цаашид тус байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зохих хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.