Өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатай “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьж, дүгнэлт гаргах Итали улсын “КТ-Кинетикс Техноложи” компанийн төлөөлөгчид уулзлаа.
“КТ-Кинетикс Техноложи” компани нь газрын тос, химийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Итали улсад төвтэй, 50 гаруй салбартай, 8000 гаруй ажиллагсадтай компани юм.
Уулзалтын үеэр Ц.Ням-Осор дарга “Манай улсад томоохон газрын тосны үйлдвэр барих төсөл хэрэгжих гэж байна. Төслийн нарийвчилсан ажлын гүйцэтгэлд Европын компани шалгарсанд баяртай байна. Европчүүд хариуцлагатай, сахилгатай байдаг тул энэхүү ажлыг үр дүнтэй хийнэ гэдэгт итгэж байна. Манай байгууллагын зүгээс бүх талаар та бүхэнд тусалж дэмжих болно.” гэж хэллээ.
Тус компанийн төлөөлөгчид ”Манай компани уг төсөлд шалгарсанд баяртай байна. Компанийн удирдлагын түвшинд энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа. Бид нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа Энэтхэг улсын багтай холбогдож эхэлсэн. Бид ажлаа эхлээд явж байна. . Бид өөрсдийн хуримтуулсан мэдлэг, туршлагаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна.” гэж ажлын явц болон сэтгэгдлээ хуваалцлаа.
Хоёр тал удахгүй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.