УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр“-т  яам, агентлаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулахаар тусгасан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллах олон нийтийн дэд зөвлөлийг Авлигатай тэмцэх газраас байгуулж, олон нийтийн зөвлөлийн гишүүн М.Очирбат, Н.Гүнсмаа, Ж.Баттулга нартай гурвалсан гэрээ байгуулав. Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулсан юм.    

Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь тус байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд  хяналт тавин ажиллана. Мөн төрийн байгууллагын ил тод байдалд хяналт тавих, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэх, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарч байгаа эсэх, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэхийг хянаж, зөрчил илэрсэн тохиолдолд Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шалгуулах эрхтэйгээр ажиллах юм байна.