Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнүүд өнөөдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал болон бусад мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкны зээлээр Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас хэрэгжүүлж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын хорио цээрийн барилга байгууламжийн эх загвар зураг болон ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын явцад хяналт тавих Олон улсын зөвлөх компани шалгаруулах ажлын талаар харилцан санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх “Мэргэжлийн хяналтын хорио цээрийн барилга байгууламжийн эх загвар зураг болон ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын явцад хяналт тавих”, “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцлийг сайжруулах төсөл” гэх худалдан авах ажиллагааны 2 ажлын эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шилжүүлж, хамтран ажиллах юм.