Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 180 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж 2017 оны 12 дугаар сард Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймгуудын Орон нутгийн өмчийн газарт ажиллалаа. Ажлын хэсэг дээрх аймгуудын Орон нутгийн өмчийн газар, төрийн болон орон нутгийн өмчит зарим хуулийн этгээдийн үйл ажиллагаатай танилцах, шалган зааварчлах, зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах ажлыг хийлээ.
Ажлын хэсэг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтын байдал, эд хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, актлах, шилжүүлэх зэрэг өмчийн харилцааны зохицуулалт, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа байдалтай танилцсан.
Орон нутагт ажиллахад Орон нутгийн өмчийн газар болон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн мөрдөж буй дүрэм, журам, гэрээ, заавар холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компаний тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн, албан хэрэг хөтлөлтийн дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй зөрчил нийтлэг байна. Мөн “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн мэдээллийн сангийн дүүргэлт хангалтгүй, орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хяналт, шалгалт хийдэггүй, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн компанийн засаглал муу, банк, хувь хүнээс зөвшөөрөлгүй зээл авдаг, төрийн болон орон нутгийн хөрөнгийг барьцаанд тавьдаг, компанийн ТУЗ-ийн бичиг баримтыг өөр газар хадгалдаг зэрэг олон дутагдал байгаа нь тогтоогдлоо.
Илэрсэн зөрчил, дутагдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дээрх 4 аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлнэ.