Засгийн газрын 2017 оны 12 сарын 13-ны өдөр батлагдсан 337 дугаар тогтоолын 1.7.(в)-д “худалдан авах ажиллагааг цахимаар (tender.gov.mn) зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж нийтэд мэдээлж байх;” гэж заасан тул тус тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Худалдан авах ажиллагааны цахим систем” /www.tender.gov.mn/-ийн сургалтыг зохион байгуулж эхлээд байна.
Энэ оны худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор 2017 оны 11 дүгээр 30-ны өдрөөс цахим системийн сургалтыг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус сургалтанд нийт 90 байгууллагын 250 төлөөллийг хамруулсан байна. Тухайлбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас хүсэлт ирүүлсэний дагуу Нийслэлийн засаг даргын харьяаны 30 гаруй байгууллагуудын 120 орчим төлөөллийг оролцуулсан сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 23, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын агуулга:
- Цахим системийг Монгол улсын худалдан авах ажиллагааны салбарт нэвтрүүлсэн түүх;
- Салбарын хөгжлийн хэтийн төлөв, хүлээлт болон зорилт
- www.tender.gov.mn системийн давуу тал болон бүтэц, зохион байгуулалт;
- Цахим систем ашиглан хэрхэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар, үүнд:
- Худалдан авах ажиллагааг төлөвлөх;
- Тендер шалгаруулалтын урилгыг зарлан мэдээлэх;
- Тендерт оролцогч хэрхэн тендерийн материал ирүүлдэг вэ?;
- Тендер шалгаруулалтын нээлт болон үнэлгээг хийх, үр дүнг олон нийтэд мэдээлэх;
- Гэрээг бүртгэх, түүний хэрэгжилтийг тайлагнах;
- Захиалагч байгууллага Цахим тендер шалгаруулалт зохион байгуулахдаа юуг анхаарах вэ? Уламжлалт тендер шалгаруулалтаас ялгарч буй давуу тал нь юу вэ?
- Худалдан авах ажиллагааг цаашид уламжлалт буюу цаасан хэлбэрээр зохион байгуулахгүй болсон талаарх чиглэл өгөх;
- Бусад заавар зөвлөмжийг хүргэх;
Жич:
Тус сургалтанд тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж буй хүмүүс, ялангуяа үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нар хамрагдах шаардлагатай бөгөөд сургалт авахыг хүссэн Захиалагч байгууллагууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 62263023; 62263026 болон it@procurement.gov.mn цахим шуудангаар холбогдох буюу сургалтанд хамруулахыг хүссэн тухай агуулга албан бичгээр хандаж болно.
Тендерт оролцогч аж ахуй нэгжүүд буюу Нийлүүлэгч байгууллагууд сургалтанд хамрагдах хүсэлтээ 62263014 утсаар бүртгүүлэх ба сургалтын нэг танхим бүрдсэн үед цаг товлон зохион байгуулна.