Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, гарсан зөрчлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн хийц, хэмжээг тодорхойлох, барилгад хамаарах инженерийн байгууламж /ус, дулаан, цэвэр бохир усны хангамж, ариутгах татуурга, галын дохиолол, зоорийн давхар г.м/-ийн мэдээллийг бүрдүүлэн баталгаажуулах, нийтийн эзэмшлийн байгууламж /нийтийн эзэмшлийн хучилттай болон зүлэгжүүлсэн талбай, мод, бут, сөөг, биеийн тамирын талбай, автомашины зогсоол, сандал, сүүдрэвч, явган зам, гэрэлтүүлгийн байгууламж, ургамлын хайс, хашлага г.м/- ийн доорх газрыг баталгаажуулна.
Мөн газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжид нэмэлт хөгжүүлэлт хийж, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санг үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сан дахь төрийн өмчит хуулийн этгээдийн мэдээллийг ТӨБЗГ-ын өмчийн програмд холбох, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх аргачлалыг боловсруулах, үнэлгээг санхүүгийн тайланд тусгах заавар, аргачлал боловсруулах, батлуулах ажлыг хамтран хийх юм.