Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд нийслэл, 21 аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан ерөнхий ажлын хэсгийн гишүүд, Орон нутгийн өмчийн газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хаагчдад “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт"-ыг зохион байгуулж, гарын авлага, материалаар хангалаа.
Уг сургалтаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлал, Үнэлгээний ажлын удирдлага, зохион байгуулалтын заавар, УИХ-ын 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн талаар ТӨБЗГ-ын ТӨБХХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл сургалт хийлээ.
Мөн Үнэлгээний аргачлалын үр дүнг санхүүгийн тайланд тусгах талаар Сангийн яамны ахлах мэргэжилтэн Г.Дариймаа, Хөрөнгийн үнэлгээний тухай ойлголт, Үнэлгээний Олон улсын стандартын талаар мэдлэг олгох, Сангийн сайдын баталсан үнэлгээний аргачлалаар хийсэн жишиг үнэлгээ, анхаарах асуудлаар ММҮИ-ийн тэргүүлэх үнэлгээчид Д.Барсболд, Б.Энхболд нар сургалт хийв.
Хөрөнгийн үнэлгээний ажлын зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийж Засгийн газрын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл /газрын гэрчилгээ, кадастрын зураг, байршил зүйн зураг, ус, дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний зураг, барилгын давхар бүрийн зохион байгуулалтын схем г.м/-ийг нэгтгэн, Засгийн газрын хэрэгцээ, шаардлагыг хангахуйц архивын болон цахим мэдээллийг бүрдүүлэхэд оршино.