Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагад ажиллаж, өдгөө гавьяаны амралтаа эдлэн суугаа үе үеийн буурлууд, ахмад настан Та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг дэвшүүлэн мэндчилж байна.

Төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах үйлсэд хөдөлмөр бүтээл, зүтгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан Та бүхнээ үргэлж хүндэтгэн, бахархаж байдаг билээ.

Ахмад настан Та бүхэн хурааж хуримтлуулсан арвин туршлага, ур чадварынхаа охь манлайг залуу үедээ уламжлуулан өвлүүлж, үйл хэрэгт нь сургаал, саналаа харамгүй хэлж байдагт бид талархаж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн салбарт ажиллаж байгаа бид бүхний өмнө хууль, эрх зүйн орчноо өнөөгийн нийгмийн харилцаанд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх, өмчийн асуудлаар тодорхой бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа бөгөөд бид Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тодорхой зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Эдгээр хууль тогтоомж, бодлого боловсруулах ажилд салбарын ахмад настнууд Та бүхний үнэтэй санал чухал бөгөөд сургаал зөвлөгөөгөө өгч оролцоно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, баяр баясал, элбэг хангалуун байхын дээдийг хүсэн ерөөе.

Та бүхэн минь урт насалж, удаан жарган, буян заяа нь дэлгэрч байх болтугай.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ