Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар нар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллав. УИХ-ын гишүүд тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан тулгамдсан асуудлын талаар санал солилцов. 

УИХ-ын гишүүд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлага, менежмент, төрийн өмчийн үр өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналт зэрэг асуудлаар тодорхой мэдээлэл авч, өнөөгийн мөрдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, шинэчлэх шаардлагатай талаар олон талаас нь дүгнэн ярилцаж, саналаа харилцан солилцсоны дүнд төрийн болон орон нутгийн өмчийн талаарх хууль эрх зүйн орчин, төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзлээ.

Түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, тэдгээрийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах талаар бүхий л түвшинд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ авах шаардлага байгааг УИХ-ын гишүүд онцлов.