Засгийн газрын 2012 оны 11-р сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газар 2013 онд нийт 399 төсөл, арга хэмжээ зохион байгуулах байсан ч Засгийн газрын 90, 119,133,149, 22-р тогтоолоор 50 төсөл арга хэмжээг хасаж 349 болж буурсан байна.

Энэ нь зураг төсөвгүй, төсөвт өртөгөөс хэт хэтэрсэн, зохион байгуулах нөхцөл бүрэлдээгүй гэдэг үндэслэлээр хассан билээ. Эдгээр бүх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нь 1 их наяд 227сая төгрөг.

Харин 2013 онд санхүүжилт авах төсөл арга хэмжээний төсөв 594 тэрбум 350 сая төгрөг.

Эдгээр бүх мөнгийг хэрэгтэй газар зөв зүйтэй бүтээн байгуулалт хийлгэхээр долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмын үндсэн дээр тус газар нь тендерийг ил тод, хариуцлагатай, шудрага зохион байгуулахаар ажиллаж байна.

Шинэчлэлийн Засгийн газар Төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллага байгуулах нь зөв, олон улсын жишгийг дагаж мөрдье хэмээн тус газрыг 2012 оны 8 дугаар сарын 27-ны 6 дугаар тогтоолоор байгуулсан юм.

 

Шадар сайдын ажлын алба нь Худалдан авах ажиллагааны газар 2012 оны 12 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл юу хийв, цаашид юу хийх вэ талаар тус газрын удирдлагуудтай ярилцаж, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар энэ удаагийн хуралдаанаар ярилцлаа.

Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс нь эрүүл мэндийн тоног төхөөрөмж, машин механизм гэх мэт барааг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг хэлтэс бөгөөд Засгийн газрын тогтоолоор 82 төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар батлагдсан ч Засгийн газрын 91 тогтоолоор хасагдаж 75 буюу задаргаатай 215 төсөл арга хэмжээ болж хасагдсан байна.

Үүнээс хуулийн дугаараар 49, багцын задаргаатай 110 төсөл арга хэмжээг зохион байгуулж, гэрээ байгуулаад байна. 18 буюу 179 төсөл, арга хэмжээ шийдвэрлэх шатандаа яваа.

Гэтэл бүтээн байгуулалт, инженерийн байгууламж, барилга угсралтын зураг төсөл, худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг зарим хэлтсийн хувьд тухайн яамдуудаас зураг төсөв дутуу ирүүлсэн, төсөвт өртөгөөс хэтэрсэн ажлууд их байна.

Нэгэнт төсөвт өртөгөөс хэтэрсэн тендерийг 2 3 дахин зарлаад ч компаниуд тендерт оролцохгүй. Зураг төсөв нь ирээгүй улмаас зарлаж чадахгүй, хүлээгдэж байгаа тендерүүд ч байна. Зураг төсөв ирүүлэх тухай зарим яамд руу 91 удаа бичиг илгээсэн тохиолдол ч байна. Буруу зураг төсөвтэй эсвэл дутсан төсөвтэй ажлын үр дүн нь дутуу л байна.

Тиймээс тендерийг зохион байгуулж байгаа нь энэ газрын зүгээс төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа, буруу эсвэл дутуу зураг төсөвтэй ажлыг арилгахаар хууль эрх зүйн зохицуулалт хийх талаар Шадар сайдтай ярилцлаа.