Монгол Улсын Засгийн газраас"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Төрийн худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод сурталчилан таниулах зорилгоор 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бараа, ажил, үйлчилгээний тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн ажлыг гүйцэтгэлийг тайлагнах“Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг 2014 оны 06 дугаарын сарын 06-ны өдөр Чингисийн талбайд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр 2013, 2014 ондуудад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон хийгдэж байгаа ажлын явцыг танилцуулж, худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнах юм.
Тендерт оролцогчдын хувьд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, холбогдох гарын авлага авах, нийслэл, дүүрэг, орон нутагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл авах боломжтой.
Өдөрлөгийн үеэр Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтад 50 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх, Цахим тендерт оролцох нууцлалын код авах, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвлөгөө авах зэрэг олон боломжууд нэгэн зэрэг бий болох юм.
Харин иргэдийн хувьд иргэдийн бүлэг байгуулан худалдан авах ажиллагаанд оролцох заавар зөвлөмж, дүүрэг тус бүрд хэрэгжиж буй Олон нийтийн оролцоотой худалдан авалтын жагсаалттай танилцахаас гадна дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг өдөрлөгийн үеэр бүрдүүлнэ
Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс
Утас: 70139970