"ДЦС-2" ТӨХК-ийн турбингенератор №2 турбин нь БНХАУ-ын Шанхай хотын турбины заводад үйлдвэрлэгдэж, 1961 онд Монголд суурилуулснаас хойш өнөөдрийг хүртэл 52 дахь жилдээ ашиглагдаж байна.

Улаанбаатар хотын Толгойтын районы дулаан хангамжийг АК-6-35 маркын 2-р турбинаар дамжуулдаг бөгөөд дулаан хангамж хүндрэлтэй болсон тул тухайн үеийн мэргэжилтэнүүдийн тусламжтаар өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэж, 1980 оны 2-р сард ашиглалтанд оруулж байжээ.

Үүнээс хойш жилд хамгийн ихдээ 7524 цаг /33764,4 мян кВт.ц/, хамгийн багадаа 57 цаг /157 мян кВт.ц/ ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар Р-4 турбины боловсруулсан ЦЭХ-ний хэмжээ 74%-иар, ажилласан цаг 60%-иар тус тус буурсан учир Р-4 турбиныг К-6 конденсатын турбин болгон өөрчлөх шаардлагатай болсон.

Тиймээс Улаанбаатар хотын 2-р дулааны цахилгаан станц Р-4 шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байна.

Тус сонгон шалгаруулалтын нийт төсөвт өртөг 3 тэрбум төгрөг бөгөөд 2014 онд 1,5 тэрбум төгрөг, 2015 онд үлдэгдэл 1,5 тэрбум төгрөгийг шалгарсан гүйцэтгэгчид олгохоор улсын төсөвт тусгагджээ.

Тендерийн сонгон шалгаруулалтыг 2014 оны 01-р сарын 21-ний өдөр зарласан ба 02-р сарын 21-ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системд тендерийн бэлтгэсэн саналаа илгээнэ. Тендерт оролцогч нь 03.8.1.450С температуртай, 40.0-өөс доош кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын угсралт, засвар хийх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарлаж байгаа тул аж ахуйн нэгж байгууллагууд тендерийн материалтай үнэ төлбөргүй танилцан, тендер шалгаруулалтад оролцох боломжтой.