“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, худалдан авах тухай хууль”- ийн 53 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрын худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх гүйцэтгэлд хяналт тавих журмыг батлуулав.

Энэхүү журмын зорилго нь Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, худалдан авах тухай хууль”-ийн 45.5-д заасан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчид болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, тэдгээрийн дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Мэргэжлийн байгууллага болон төсвийн ерөнхийлөн захирагчдын худалдан авах ажиллагаанд оролцох эрх үүргийг нарийвчлан зохицуулж өгснөөр Улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон худалдан авах ажиллагааг мэргэжлийн түвшинд, богино хугацаанд зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Төсвийн ерөнхийлөн захирагчид нь өөрсдийн салбарын үндсэн бодлого боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдсэнээр иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг ил, тод, нээлттэй, түргэн шуурхай хүртэх юм.

 

Тайлбар: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 115 дугаар тогтоолыг www.legalinfo.mn веб сайтаас татаж авч үзэж болно.