Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын санаачлагаар олон улсын зөвлөхүүд төрийн худалдан авах ажиллагааны цахим системийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авах ажиллагаанд оролцох нөхцөл бололцоог хангах чиглэлээр уулзалт, семинар зохион байгуулж, туршлага солилцлоо.
Тус уулзалт 2013 оны 11-р сарын 19-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжилж, Европын Холбоо, Европын Сэргээн Босголтын Банк болон НҮБ-ийн Олон Улсын Худалдааны Хуулийн Эрх зүйн хорооны зөвлөхүүд бүхий Гүрж, Англи, Энэтхэг, Португал зэрэг орны төлөөлөгчид илтгэл тавилаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар цахим худалдан авах ажиллагааг өргөжүүлэх хүрээнд цахим дэлгүүр, цахим каталогийг төрийн худалдан авах ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ЕСБХБанкны төлөөлөл төрийн худалдан авах ажиллагаанд дотоодын болоод гадаадын аж аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөх тэгш боломжоор хангаж ажилласнаар бий болох үр дүнг онцлон тэмдэглэж, сайн засаглалыг бий болгох, өрсөлдөөний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтойг илэрхийлэв.
Төрийн худалдан авах ажиллагааг цахим системд нэвтрүүлснээр ил тод байдал, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг багасгах, хувийн сектор болон төрийн байгууллагын харилцааг хялбаршуулах, стандарт журмыг нэвтрүүлэх, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх зэрэг давуу талуудтай болно.
Хуралдаанд оролцсон Олон улсын зөвлөхүүд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг худалдан авах ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлсэн журам, заавар, баримт бичгийн стандарчлал чухал болох талаар онцлов.
Худалдан авах ажиллагаанд цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлээд удаагүй байгаа манай орны хувьд нь энэ туршлага солилцох томоохон арга хэмжээ нэн чухал ач холбогдолтой зөвөлгөөн болж өндөрлөлөө.