Худалдан авах ажиллагааны газраас Ховд аймгийн Ховд хотноо баригдах Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2014 оны 01-р сарын 13-нд зарлаад байна.
Тус барилгын нийт төсөвт өртөг нь 970 сая төгрөг бөгөөд 2014 онд 570 сая, үлдэгдэл 400 сая төгрөгийг 2015 онд санхүүжүүлэхээр улсын төсөвт тусгагдсан.
Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга нийт 4 давхар, зоорьтой байх ба 2015 онд ашиглалтанд оруулахаар Засгийн газраас баталсан төсөл, арга хэмжээний жагсаалтанд баталсан.
Худалдан авах ажиллагааны газар нь тендер шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шилэн болгох зорилгоор 2014 онд зарлагдах төсөл, арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зарлаж байгаа тул сонирхсон этгээд Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mn хуудаснаас тендерийн материалтай үнэ төлбөргүй танилцаж, оролцох бол тендерийн баримт бичгээ илгээхийн өмнө 20,000 төгрөгийн хураамж цахим системээр төлж, тендерт оролцох боломжтой болно.
Тендерт оролцогчид тендерт бэлтгэсэн саналаа 2014 оны 02-р сарын 14-ний өдрийн 14.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба 14.30 минутад тендерийг нээх тул сонирхсон этгээд тендерийн нээлтэнд оролцох боломжтой.
Худалдан авах ажиллагааны газраас 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагийн 15.00 цагаас цахим тендер шалгаруулалтанд оролцогчдод үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, цахим системийн PKI код олгож байгаа тул 70110422 утсаар холбогдон мэдээлэл аван уу.