Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Худалдан авах ажиллагааны газар албан ёсоор байгуулагдаад хэдхэн сарыг үдэж байна. Танайх өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэхээр тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд манайхаас энэ онд зарлах нийт тендерийн 20-35 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Цахим хэлбэрээр зохион байгуулах нь цаас болон цаг хугацааг хэмнэнэ. Мөн худалдан авах ажиллагааг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй байдлыг хангах эерэг талтай. Тиймээс хоёр удаа нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр дамжуулан цахим худалдан авах ажиллагааны системийг танилцуулах, худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар сургалт, зөвлөгөө олгосон. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Солонгосын компанитай хамтраад цахим системийн сургалт явууллаа. Сургалтад манай мэргэжлийн байгууллагынхан оролцсон. Мөн Солонгосын худалдан авах ажиллагааны газрын сургалтад манай нэг мэргэжилтэн суралцаад ирлээ. Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах систем бэлэн боллоо. Манайх Гаалийн хуучин байранд байрлаж байгаа. Иргэдэд зориулж нэг цэгийн үйлчилгээний төв нээсэн.

-Тендерийн араас гомдол маргаан, бухимдал "зүүгддэг". Энэ нь нийгэмд тендер шударга бус болдог гэсэн ойлголт төрүүлэх болсон. Энэ байдал хэзээ халагдах вэ?

-Хүний оролцоо тендерт хэдий их байна, энэ хэрээр зөрчил, будлиан үүсэх магадлал өндөр байсан. Харин цахим тендерийг нэвтрүүлсэнээр хүний оролцоог хязгаарлана. Энэ нь тендерийн шалгаруулалтад будлиан үүсэх, давхардах, зөрчил гарахаас сэргийлнэ гэсэн үг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. "Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ" гэж. Тиймээс цаашид таны хэлж буй асуудал давтагдахгүй. Бичиг, цаас барьж гүйдэг, танил талаа хайдаг ийм үе өнгөрсөн. Тендерт будлиан үүсгэх гээд танил талаа эрж сурах байдал зогсоно. Тиймээс иргэд энэ байдлаас зайлсхийх хэрэгтэй. Таны компани тоног, төхөөрөмжийн чадавхитай, өндөр чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчинтэй, хүний нөөц сайтай бол худалдан авах ажиллагаа нээлттэй. Хэн нэгнээр дэмжүүлж, туслуулах шаардлагагүй. Урьд өмнөх тендерт оролцож, ажлаа муу гүйцэтгэсэн, төрийн хөрөнгийг үрсэн, чирэгдэл учруулсан компаниудыг олон нийтэд ил болгоно. "Хар жагсаалт"-д багтсан компанийг тендерт оролцох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг авна. Өмнө нь тендерт оролцохын тулд тухайн аж ахуйн нэгж банк, гааль, татвараас лавлагаа авах гэж гүйдэг байсан. Энэ нь цаг хугацаа алдах, хүнд суртлын нэг болж байсан. Тэгвэл цаашид цахим байдлаар авах учраас хүндрэл бэрхшээл арилна. Тендер хаалттай хана биш. Цахим худалдан авалтад хэн ч оролцож болно.

-Орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Орон нутагт удааширч байна. Учир нь, оны өмнөхөн орон нутагт нэгж томилох тушаал гарсан. Тиймээс бааз сууриа бэхжүүлэх, тэнд ажиллах боловсон хүчинг сонгон шалгаруулах ажил он дамжиж байна. Орон нутагт ажиллах худалдан авах ажиллагааны алба нь Засаг даргын дэргэд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Хөдөө, орон нутагт ажиллаж буй мэргэжилтэнг давтан сургах, чадавхижуулах, арга зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Орон нутагт интернетийн хурдыг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ зайны сургалт зохион байгуулна.

-Цахим дэлгүүр хэзээнээс ажиллах вэ?

-Цахим дэлгүүрээр дамжуулан стандарт бараа, бүтээгдэхүүн болох бичгийн хэрэгсэл, цаас, принтерийн хорыг эхний ээлжинд худалдана. Яам, Тамгын газар, агентлагт цаас шахах, принтерийн хор нийлүүлэх байдал манайд газар авсан. Энэ асуудлыг цахим дэлгүүрээр шийднэ. Цахим дэлгүүр удахгүй нээлтээ хийнэ.

Б.Баяртогтох