Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, өмч хувьчлалын бодлогыг тодорхой болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлсэн.

      Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн өмчит хуулийн этгээдэд компанийн засаглалыг хөгжүүлэх, төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих замаар төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллаж байна. 

      Монгол Улсад 102 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд 6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагддаг 83 хуулийн этгээдээс  эрчим хүчний салбарын 21, авто зам засвар арчлалтын 21, бусад чиглэлийн 2 төрийн өмчит компани байгаа ба төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 8, төрийн өмчийн оролцоотой компани 5, төрийн өмчит үйлдвэрийн газар 26 байна.

      Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн болон орон нутгийн өмчит 6082 хуулийн этгээдийн төрийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж ажилладаг. Төрийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн асуудлыг судлан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

      Хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олон, хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

 Б.ЦЭНГЭЛ