Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 789 хөрөнгө оруулалтын төсөл, тендерийг хэрэгжүүлнэ. Үүний 399-ыг нь шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газар зарлан хэрэгжүүлэх аж.
Энэхүү 399 тендерийн 76 нь бараа, 252 нь ажил, 71 нь үйлчилгээ\зөвлөх\ -ний ажил байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Худалдан авах ажиллагааны газар" -аас худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд цахим худалдан авах ажиллагааны MEPS системийг танилцуулах, үүнийг ашиглан худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцох талаар сургалт, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд байгуулж байна.
Энэхүү нээлттэй өдөрлөгт Монголын барилгачдын холбоо, Монголын замчдын холбооны гишүүн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тендерийн будлиан, авлига, хээл хахуулыг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ.
Энэхүү зорилтын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар 2013 онд зарлах нийт тендерийн 20-35 хувь цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулах зорилт дэвшүүлсэн байна.
Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга С.Дашдондогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Тендер тойрсон маргаан тасардаггүй. Дорвитой шинэчлэл хийж байгаа учир нэлээд өөрчлөлт гарах болов уу?
-Эрх мэдлийн төвлөрлийг задлах, яамдууд тендер зарлаж түүндээ анхаарлаа хандуулдаг байдлыг өөрчлөх, тендерийг олон нийтийн хяналттай, ил тод, нээлттэй болгохыг зорьж байгаа. Энэ хүрээнд УИХ-аас хууль баталж, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж, Худалдан авах ажиллагааны газрыг шинээр байгуулсан.
Тендерийн будлианыг аль болохоор багасахаар зорьж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд цахим тендер зарлан явуулахаар төлөвлөж байна. Ирэх онд зарлах нийт тендерийн 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна. Оролцогч нар тендерийн материалыг бүрдүүлэхийн тулд шүүх, цагдаа, татвар, гааль зэрэг төрийн байгууллагуудаас лавлагаа авах, зарим бичиг баримтыг заавал нотариатаар батлуулах гээд чирэгдэл ихтэй байсан. Дээр дурдсан төрийн байгууллагуудаас авах лавлагаануудыг цахим хэлбэрээр авч байх системд шилжих зорилт тавьж ажиллаж байна. Ингэснээрээ ил тод байдал дээшлэх, маргаан будлианыг гаргахгүй байх давуу талтай гэж үзэж байгаа.
-Хөдөө орон нутагт тендерийг салбар зөвлөл нь шалгаруулах уу?
-Худалдан авах ажиллагааны газрын салбар нэгжийг хөдөө орон нутагт байгуулах Засгийн газрын тогтоол саяхан гарсан.
Тодруулж хэлбэл, нийслэл, дүүрэг, аймагт Худалдан авах ажиллагааны нэгжүүд байгуулагдаж байгаа. Энэ нэгжүүд байгуулагдаж боловсон хүчнийг чадавхижуулснаар тендерийг орон нутагт нь зарлахаар төлөвлөж байна.
-2013 онд улсын хэмжээнд 789 тендер зарлагдахаас 399 -ыг нь танай байгууллага хэрэгжүүлэх бол үлдснийг нь ямар байгууллага хариуцах юм бэ?
-Эдгээр ажлуудын 399-ыг нь манай байгууллага хариуцан хэрэгжүүлнэ. Харин үлдснийг нь төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ. Аймаг, дүүрэг, яам, агентлаг өөрийн хэрэгцээний, их засвар, төрийн нууцад хамаарах, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тодруулж хэлбэл, манай байгууллагаас тусдаа зохион байгуулагдах 390 ажлыг задалж хэлбэл, 101 нь тухайн байгууллагын өөрийн хэрэгцээ, 33 нь их засвар, 243 нь орон нутагт хэрэгжүүлэх , 15 нь төрийн нууцад хамаарах ажил байгаа.
-Тендерийн үнэлгээний комисст орж ажиллах төлөөллийг сонгохдоо олон нийтийн хяналтыг бий болгоход хэр анхаарч ажиллах вэ?
-Журмын дагуу Тендерийн үнэлгээний хороонд салбарын мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас хоёроос доошгүй төлөөллийг оруулна. Тиймээс хяналт сайжирна гэж үзэж байгаа.
Ц.Баяр www.times.mn