Монгол улс 2014 онд цаашид хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн бодлогоо” баталсан билээ. Уг бодлогод ногоон худалдан авалтыг “эрчим хүч, байгалийн нөөц баялагийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт” гэж тодорхойлсон байна. “Ногоон хөгжлийн бодлогод” 2020 онд засгийн газрын худалдан авалтын 20%, 2030 онд 30%-ийг ногоон худалдан авалт хийхээр зорилт тавьсан байна.
Бид аливаа худалдан авалт хийхдээ үнэ, чанар зэрэг хүчин зүйлийг харгалзан сонголтоо хийдэг бол, ногоон худалдан авалт хийх үед эдийн засагт үзүүлэх нөлөө, нийгэмд үзүүлэх нөлөө, байгаль орчинд үзүүлэх нөлөөг харгалзан үздэг байна.
Жишээ нь: Энгийн 100 ватын чийдэн болон байгальд ээлтэй 20 ватын чийдэнг харьцуулан үзье. Зөвхөн үнийг харьцуулан үзэхэд 100 ватын чийдэн 1.25 евро, 20 ватын чийдэн 12 евро, 100 ватын чийдэн үнийн хувьд хямд боловч эрчим хүчний хэрэглээ, хэрэглэх хугацааг харгалзан үзвэл нийт хэрэглээний зардал 100 ватын чийдэн 98 евро, 20 ватын чийдэн 29.6 евро болж 100 ватын чийдэн хэрэглээний зардал өндөртэй бүтээгдэхүүн болж байна.
Зах зээлд зарагдаж байгаа бүтээгдэхүүнээс байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг таних зорилгоор эко шошгыг хэрэглэдэг бөгөөд дэлхийн олон улсад мөн манай улсын байгаль орчны байгууллагууд шалгуур хангасаг бүтээгдэхүүнд эко шошго олгож эхлээд байна. Манай улсад органик бүтээгдэхүүн, ногоон зочид буудал зэрэг 2 төрлийн эко шошго олгож байгаа ба нийт 29 бүтээгдэхүүн, 8 зочид буудалд олгоод байна.
Ногоон худалдан авалтыг хэрэгжүүлсэнээр байгальд үзүүлэх хорт нөлөөг багасгахаас гадна шинэ бизнесийг хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх зэрэг сайн талтай.
Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс