2013 оны 03 дугаар сарын 26-28-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй эх орны үйлдвэрлэгчдийн төрөлжсөн “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе – Ханган нийлүүлэлт 2013” сэдэвт үзэсгэлэн МҮЭСТО-д амжилттай болж өнгөрлөө. Үзэсгэлэнгийн үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээний ҮХААЯамны дэд сайд Б.Цогтгэрэл, ШӨХТГазрын дэд дарга А.Ариунболд, МХЕГазрын дэд дарга Д.Эрдэнэбилэгт, СХЗГазрын техник зохицуулалтын хэлтсийн дарга Соронзонболд, ХААГазрын дарга Д.Энхжаргал нар болон үйлдвэрлэгчид, худалдан авагчид, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтарсан ажил хэргийн уулзалт хийсэн юм. Тус үзэсгэлэнд ХААГ-ын газрын дарга Д.Энхжаргал Худалдан авах ажиллагааг ил тод болгох, Цахим худалдан авах ажиллагааны талаар илтгэл тавьж, иргэд, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийн асуултанд хариуллаа.
Шадар сайд уулзалтыг нээж “Энэхүү арга хэмжээ нь Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтын нэг учир ханган нийлүүлэлтэд үндэсний үйлдвэрүүдийн оролцох оролцоог цаашид нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, мөн Засгийн газрын худалдан авах ажиллагаа нь энэхүү ханган нийлүүлэлтэд голлох үүрэгтэй” гэдгийг онцлон хэлсэн юм.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүн холбоод ажиллаа.