Салбарын асуудлаар гадаадын улс орнуудтай хамтран ажиллах боломж бүрдүүлэхийн тулд төрийн өндөр албан тушаалтны гадаад айлчлалын үеэр байгуулагдах Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрт салбарын чиглэлийн асуудлыг тусгахад анхаарч ажиллаж байгаа боловч энэ нь дээд шатны байгууллагаас хамаарах тул шууд хэрэгжих боломжгүй байна. 2015 оны IY улиралд зохион байгуулагдах ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Эдийн засаг, хамтын ажиллагааны хуралдаанд байгууллагын удирдлагыг оролцуулахаар төлөвлөн, холбогдох дээд шатны байгууллагаар шийдвэрлүүлэх талаар бэлтгэн ажиллаж байна. Мөн Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн олон улсын сайн туршлагыг судлах хүрээнд 2015 оны III улиралд Англи Улсын Лондон хотноо товлогдсон уулзалтад байгууллагын удирдлага, төлөөллийг оролцох боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Худалдан авах ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаадын улс орны туршлага судлах, албан хаагчдыг мэргэшүүлэх талаар хамтран ажиллаж байна. Үүнд:

  1. ЕСБХБ-тай Ерөнхий гэрээ нэвтрүүлэх чиглэлээр,
  2. Дэлхий банк, КОЙКА, Азийн хөгжлийн банктай хамтран ХАА-ны чадавхийг сайжруулах чиглэлээр,
  3. АНУ-ын Азийн сан, Мянганы сорилтын сантай хамтран Олон улсын худалдан авах ажиллагааны мэргэжлийн номын сан байгуулах асуудлаар яриа хэлцлийн түвшинд тус тус хамтран ажиллав.

Төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай болгох, урсгал зардлаар санхүүжигддэг барааны худалдан авалтыг ил тод болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газраас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулах бэлтгэл хангах, Ерөнхий гэрээг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) Сангийн яам, ЕСБХБ-тай хамтран “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” олон улсын семинарыг 2015 оны 03 сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тус семинарт Австри, Португал, Гүрж улсын худалдан авах ажиллагааны олон улсын зөвлөхүүд оролцож, Монгол Улсын худалдан авах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал болон Монгол Улсад худалдан авах ажиллагааны Ерөнхий гэрээ нэвтрүүлэх ажлын стратеги, эрх зүйн орчны талаар хэлэлцэж, харилцан туршлагаа солилцсон.

ХААГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/54 тушаалаар 9 хүний бүрэлдхүүнтэй Ерөнхий гэрээний ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг ЕСБХБ-ны Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот дахь төв албаны холбогдох ажилтнуудтай видео хуралдаан зохион байгуулж туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол Улсад Ерөнхий гэрээг нэвтрүүлэхэд шаардлагатай олон улсын сайн жишиг, НҮБ-ын Олон Улсын худалдааны эрх зүйн байгууллагын загвар хуульд нийцсэн “Ерөнхий гэрээг байгуулах журам”, холбогдох тендерийн жишиг баримт бичгийн төслийг ЕСБХБ-ны зөвлөх багийн дэмжлэгтэйгээр боловсруулж, хамтран ажиллах талаар санал нэгдэв. Энэ талаар Сангийн яамнаас дэмжиж ажиллахаар болсон.

Ерөнхий гэрээний ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудын хамгийн их хөрөнгө зарцуулдаг шатахуун, бичгийн цаас, хэвлэгчийн хор, комьпютер гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авч эрэлт, нийлүүлэлтийн судалгаа шинжилгээ хийх ажил явагдаж байна. Уг судалгааг хийх сонгон шалгаруулалтад шалгарсан “MIRIM consult” ХХК 2015 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн ЕСБХБ-тай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий аймгуудад судалгаа хийж дуусаад байна. Судалгааны тайлан нэгтгэгдэж байгаа. Судалгааны багтай ХААГ-ын зүгээс 2 удаа уулзалт хийж, холбогдох дэмжлэг үзүүлж ажиллав.

 

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС