Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар байгуулагдснаас хойш 3 жилийн хугацаанд зохион байгуулсан төсөл арга хэмжээ болон хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

Товч танилцуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэгэн шинэ агентлагийг байгуулсан нь Худалдан авах ажиллагааны газар юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий энэхүү мэргэжлийн байгууллага нь 2012 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс 8 бүтцийн нэгж, 65 албан хаагчтайгаар анх үйл ажиллагаагаа эхэлсэн. Харин Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол 2014 онд гарсантай холбогдуулан Шадар сайдын 2015 оны 03 дугаар тушаалаар агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар мөн оны нэгдүгээр сараас дэд даргагүй, 5 бүтцийн нэгж, нийт 55 албан хаагчийн орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс гадна 2011 оны зургадугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2012 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгжтэй байна” гэж заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны 31 нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.   

Төсөв хэмнэлт:

            Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) нь 2013-2015 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны дүнд нийт 726.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 726 багцад 684.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 42.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон. Энэ нь ХААГ-ын гурван жилийн үйл ажиллагааны нийт төсөв болох 3.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад 14.2 дахин их юм.

Улсын төсвийн хэмнэлтийг он тус бүрээр авч үзвэл:

-2013 онд хэрэгжүүлэх нийт 198 төсөл, арга хэмжээний 413 багцаас 177 төсөл, арга хэмжээний 372 багцын гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 89.4 хувь, багц ажлын 90.1 хувь нь болно. Нийт 435.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 372 багцад 418.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 18.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-2014 онд хэрэгжүүлэх нийт 146 төсөл, арга хэмжээний 272 багцаас 120 төсөл, арга хэмжээний 233 багцын гэрээг бүртгэж авсан нийт төсөл, арга хэмжээний 82.1 хувь, багцын 85.6 хувь нь болно. Нийт 253.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 233 багцад 233 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 20.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.   

-2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар, энэ онд хэрэгжүүлэх нийт 58 төсөл, арга хэмжээний 172 багцаас 42 төсөл, арга хэмжээний 121 багцын гэрээг бүртгэж авсан нь нийт төсөл, арга хэмжээний 72.4 хувь, багцын 70.3 хувь нь болно. Нийт 37.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 121 багцад 32.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан.

-Худалдан авах ажиллагааны 31 нэгж байгуулагдан ажилласан 3 жилийн хугацаанд 1.672.0 тэрбум (нэг их наяд зургаан зуун далан хоёр тэрбум) төгрөгийн 6912 төсөл, арга хэмжээ зохион байгуулж, 65.8 тэрбум төгрөг буюу нийт төсөвт өртгийн 4 хувийн хэмнэлт гаргасан.

Цахим худалдан авах ажиллагааны системийг боловсронгуй болгосон нь:

            Монгол Улсын Засгийн газраас худалдан авах ажиллагааны үйл явцыг шуурхай, олон нийтэд хүртээлтэй, ил тод зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор цахим тогтолцоог санаачлан хөгжүүлж байна. Цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болох КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар SAMSUNG SDS компани 2010-2012 онд “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн нэгдүгээр үе шат болох www.meps.gov.mn-ийг хэрэгжүүлсэн. “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд e-Bidding, e-ShoppingMall, e-Catalogue дэд системүүд хийгдсэн.

            Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.7-д “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь гүйцэтгэх ажлынхаа тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нийт зарлах тендерийн 20-оос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна” гэж заасны дагуу 22 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан.

2013 онд улсын хэмжээнд нийт 167 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 724 тендерийн санал орсноос дунджаар нэг тендерт 4-5 оролцогч оролцсон байна.  

2014 он: Улсын хэмжээнд 475 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулсан. Үүнд давхардсан тоогоор 1644 аж ахуйн нэгж оролцсон.     

2015.10.01-ний байдлаар: 1118 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгж цахим тендерт оролцсон.

            Цахим худалдан авах ажиллагааны систем нь Монголбанкны валютын ханшийн мэдээлэл, арилжааны бусад банкинд цахим тендерийн мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулан ажилладаг. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баталгааг хуурамчаар хийх боломжгүй болсон. Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн системээс тендерт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, тайлант үеийн ашиг, алдагдал, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн мэдээллийг авах техникийн боломжийг бүрдүүлснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангийн мэдээллийг тендерийн саналд оруулах шаардлагагүй боллоо. Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож тендерт оролцогчдын татвар төлөлтийн тухай мэдээлэл, борлуулалтын орлогын мэдээллийг цахим хэлбэрээр магадлах программ хангамжийн шийдлийг боловсруулж туршсан болно.    

Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ ахисан:

            Худалдан авах ажиллагааны газар нь төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, иргэд, олон нийтийн хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэн ажилласны дүнд байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг жил дараалан ахиулсан амжилтыг 2013, 2014 онд гаргалаа. Энэхүү үнэлгээгээр 2013 онд 70 оноогоор үнэлгээнд хамрагдсан 52 байгууллагаас 6-р байрт орж байсан бол 2014 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ өмнөх оныхоос 14, нийт агентлагийн үнэлгээний дунджаас 15.4, яамдын дундаж үнэлгээнээс 26.1 оноогоор дээгүүр дүн үзүүлж, үнэлгээнд хамрагдсан нийт 124 төрийн байгууллагаас эхний 7-р байр, 26 агентлагаас эхний 6-р байрыг тус тус эзэлсэн байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа:

            Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Азийн сан, Мянганы сорилтын сан, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага судлах, албан хаагчдыг мэргэшүүлэх талаар хамтран ажиллаж, давхардсан тоогоор 44 албан хаагч, орон нутаг дахь ХААГ-ын 12 албан хаагчийг Турк, Дани, БНСУ, Итали, Австри, Филиппин, АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Люксембургийн вант улс, БНХАУ зэрэг гадаадын 11 оронд сургалтад хамруулж, худалдан авах ажиллагааны туршлага судлуулан чадавхийг нь сайжруулав. Мөн Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн 300 мянган ам.долларын санхүүжилтээр Худалдан авах ажиллагааны газрын ил тод байдлыг хангах, чадавхийг бэхжүүлэх зорилт бүхий дэд төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дотоодын зөвлөхүүдийг гэрээгээр ажиллуулж, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалтад хамруулсан төдийгүй цахим тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулсан юм.

            Олон улсын байгууллагуудаас тус мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, ХААГ-ын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас Монголд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2016 оноос тус байгууллагаар зохион байгуулуулахаар төлөвлөснөө илэрхийлж, ХААГ-ын 20 албан хаагчийн чадавхийг дээшлүүлж, нэг албан хаагчийг сургагч багшаар бэлтгэхээр харилцаж тохиролцсон.

            Монгол Улсын цахим худалдан авах ажиллагааны систем олон улсын түвшинд үнэлэгдэж, Филиппин улсын Манила хотноо 2015 оны аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын цахим худалдан авах ажиллагааны форумд ХААГ-ын Ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр оролцож, Монгол Улсын “Сайн туршлага”-ын талаар илтгэл тавиад байна.

Засгийн газрын худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтын үр дүн:

            Энэхүү сургалтыг эрх бүхий сургалтын 7 байгууллага зохион байгуулж, ХААГ 2013 оны 4 дүгээр сараас эхлэн шалгалт авч, гэрчилгээ олгож байна. 2013-2015 оны 9 сарын байдлаар 583 удаагийн сургалтад 16478 хүн хамрагдсанаас 8770 хүн шалгалтад тэнцэж гэрчилгээ авсан байна. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэд, албан хаагчид худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороодод томилогдон ажиллаж байна. Бид 2015 оны 3 дугаар сараас улсын хэмжээнд цахим хэлбэрээр шалгалт авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 175 удаа (Үүнээс орон нутагт 25 удаа) шалгалт авсан. Цахим хэлбэрийн шалгалтад 1978 хүн хамрагдсанаас 690 хүн тэнцсэн байна.     

“Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвөөр иргэдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчилж байна:

Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, тендерт оролцогчдод зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Монголд анх удаа тус агентлагт байгуулан, ажиллуулж байна. “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 2013-2015 онд нийт 53493 иргэн, ААН-д худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн. Тус төвийн үйлчилгээний хүрээнд тендерт оролцогчдод утсаар болон биечлэн, цахим хэлбэрээр зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, байгууллага, ААН-д хувийн нууцлалын код олгож, бүртгэх, цахим тендер илгээх, тохиргоо хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

“Нэг цэгийн үйлчилгээний төв” үйлчлүүлэхээр ирсэн иргэд, тендерт оролцогчдод төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дороос шуурхай хүргэх зорилгоор иргэний мэдээллийн лавлагаа авах, банкны төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлж, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн танхимд төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ), Төрийн банкны салбар тооцооны төвийг байршуулан холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - ХААГ-аас цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын тойм /зорилт/:

 

  1. Төрийн байгууллагуудын урсгал зардлаар хэрэгждэг худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээний журам”-аар хэрэгжүүлж, төсвийн урсгал зардлыг бууруулах бодитой хувь нэмэр оруулна.
  2. Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг улс орны хэмжээнд нэвтрүүлж, төрийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой ААН-үүд өөрийн байгууллагын худалдан авалтыг энэхүү системийг ашиглан зохион байгуулдаг болох боломжийг бүрдүүлнэ.
  3. Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлснээр улс орны хэмжээнд зохион байгуулсан худалдан авах ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааны бааз бий болох боломжтой. Түүнчлэн олон улсын түвшинд үнэлэгдээд байгаа Монгол Улсын цахим худалдан авах ажиллагааны системийн үнэлэмжийг ахиулна.
  4. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт, түүний шалгалтыг цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан онлайн хэлбэрээр зохион байгуулдаг болох, төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаар дамжуулан худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшигчийн гэрчилгээний лавлагааг олгодог болох зэргээр иргэд, үйлчлүүлэгчдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх менежментийг хэрэгжүүлнэ.