Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад зургаан сар болсон бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны байгууллагыг тусад нь байгуулсан учир нь тендерийн ажиллагааг ил тод болгох, байгууллагуудыг шударга өрсөлдөх, дааж авсан ажлаа чанартай хийлгэх зорилготой байгуулсан. Цаашдаа бие биенээ хардах биш, тендерийн сонгон шалгаруулалтын ил тод байдалд анхаарахаас гадна хэмнэлт гаргахыг зорьж байна” гээд тендерийн будилааныг арилгах учиртай байгууллагад амжилт хүссэн юм.
Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Худалдан авах ажиллагааны газрыг бодлогын төвшинд хариуцах бөгөөд тэрээр “Тендер сонгон шалгаруулалтад цаг хугацаа, бичиг баримт, цааснаас эхлүүлээд өртөг зардал их шаарддаг байсан бол одоо энэ бүх үйл явц цахим орчинд шилжсэнээр хөнгөрч, хэмнэлт гарч байна. Тиймээс худалдан авах ажиллагааны газрын ажил амжилттай эхэллээ гэж хэлж болохоор. Хүнд сурталтай, авлига, хээд хахуульд автсан байсан байгууллагыг цаашдаа ил тод болгоно” гэж нээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.
Худалдан авах ажиллагааны газар энэ онд нийт 357 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар нийт 198 төсөл, арга хэмжээг зарлажээ. Үүнээс 71 нь ажил, 81 бараа, 46 зөвлөх үйлчилгээний тендер юм байна. Тендер сонгон шалгаруулалтыг цахим орчинд шилжүүлэх гол чиглэлийн хүрээнд одоогоор 26 тендерийг цахим орчинд зарласан байгаа талаар албаныхан мэдээллээ. Худалдан авах ажиллагааг уламжлалт аргаар хийдэг байхад нэг тендерийн зардалд 218,750 төгрөг шаарддаг байсан бол цахим орчинд шилжүүлснээр нэг тендерт 16,250 төгрөгийн зардал гаргах ажээ. Ингэснээр жилд дунджаар 193 тонн цаас, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргадаг байсныг хэмнэх боломжтой юм. Цаашдаа 2016 оны дотор тендерийн будилаан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бүх ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх юм байна.
Тендерийн урилга, зөвлөх үйлчилгээний зарлалыг www.e-tender.mn, www.e-procurement.mn, www.meps.gov.mn цахим хуудас болон өдөр тутмын сонинуудаар олон нийтэд мэдээлж байх ажээ.