Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад холбогдох яам, агентлаг болон худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж, албан байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Уулзалтын эхэнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Отгонбаяр байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, уулзалтад оролцогчид худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхийн  давуу тал болон түүнийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэлийг шийдэх арга замын талаар ярилцсан юм.

Ерөнхий сайд техникийн тодорхойлолт, ажлын даалгавараа ирүүлээгүй төрийн байгууллагуудыг  2016 оны  03 сарын 10-ны дотор материалаа ирүүлэхийг үүрэг болгосны зэрэгцээ  Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад цахим гарын үсгийг ашиглалтад оруулж Худалдан авах ажиллагааны газартай хамтарч ажиллахыг даалгалаа. 

Үүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Цахим дэлгүүр”-ийг хэрэгжүүлэх ажиллагааг эрчимжүүлж бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч  ажилласнаар эдийн засгийн өсөлтөд бодит нөлөө үзүүлнэ гэдгийг онцлов.  Мөн Худалдан авах ажиллагааны газрын албан байгууллагын нээлттэй ажиллагааны зарчмыг өндрөөр үнэлж, цаашид илүү хөгжүүлж ажиллахыг сануулсан юм.

Түүнчлэн, Худалдан авах ажиллагааны газарт ирдэг үндэслэлгүй гомдлуудыг хурдан шийдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний каталоги гаргах холбогдох төрийн байгууллагуудыг нэгдсэн системтэй болгох зэргийг үүрэг болголоо. 

Худалдан авах ажиллагааны газар