Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Отгонбаяр ярилцлагынхаа эхэнд ийн өгүүлсэн. Тэрбээр цааш нь Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа хийгээд баримтладаг зарчмыг иргэн, аж ахуйн нэгжүүд тэр бүр мэддэггүй. Тийм байдалд хүргэсэн, мэдээллээр байнга хангаж чадаагүй нь бидний буруу. Үнэндээ манай албан газрыг иргэд тендер шалгаруулдаг байгууллага гэж ойлгодог төдийгүй төрөөс зарласан тендерийг найз нөхөд, танил талдаа авч өгдөг хэмээн харддаг.  Хардах нь хүний эрх. 

Гэвч бүх зүйл хуулийн хүрээнд хөндлөнгийн хяналт дор явагддаг гэдгийг хэлэх байна. Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг “WWW Е-TENDER.MN” сайт руу ороод хүссэн мэдээлэлтэйгээ танилцаж болно, бас зарлагдсан тендертэй холбоотой материалтай танилцаж эрх нь нээлттэй. Тендерийн материал үнэгүй учраас аж ахуйн нэгжүүд бүтэхгүй зүйлд хий дэмий мөнгө төлөх нь хэмээн айж хэмээх хэрэггүй болсон” хэмээн ажлаа ерөнхийд нь танилцуулснаар бидний ярилцлага эхэлсэн. Н.Отгонбаяр гэх хувь хүний тухайд АНУ-д хөрөнгө оруулалтаар чиглэлээр мастер цол хамгаалж, Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ чамгүй амжилттай   ажилласан,  Монгол Улсын оюунлаг залуусын нэг түүнийг “Монголын мэдээ” сонин “Чухал хүн” булангийнхаа ээлжит зочноор урьсан хэрэг. Дашрамд өгүүлэхэд, тэрбээр “Хөрөнгө оруулалтыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ”, “Байгууллагын төлөв байдал” гэх дэлхийн сая сая бизнес эрхлэгчдийн гарын авлага болж буй номыг монгол хэлнээ хөрвүүлэхээр  зэхсэн  нь мөдхөн уншигчдын, эдийн засагчдын ширээний ном болох буй за. Хоёр дахь номонд хүн ажилдаа хоцорч ирж байгаа бол захирлын ажиллах арга барил буруу байна гэсэн үг. Таны ажилтан цагаа бүртгүүлээд цалин авахаар ирэх бус чин сэтгэлээсээ ажилдаа яарах орчин, сэдлийг та бүрдүүлж чадсан цагт танай хамт олон амжилтад хүрнэ гэсэн сэдвийн хүрээнд бичигдсэн юм билээ. Оршлоо үүгээр төгсгөж, ярилцлагадаа тавтай морил.

-Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Худалдан авах газрын үйл ажиллагаа, чиг үүргийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Шулуухан хэлэхэд, тендер шалгаруулдаг газар гэж ойлгох нь бий.  

-Тантай санал нэг байна. Үнэн зөв мэдээллийг өгөх, үйл ажиллагаагаа сурталчилах тал дээр төдийлөн анхаарч ажиллагаагүйн сул тал ингэж гарч ирж байгаа хэрэг л дээ. /төрийн байгуулагын сурталчилгааны зардал бараг байхгүйтэй адил/ Гэхдээ шинэ тутам байгууллага, үйл ажиллагаа нь сүүлийн хоёр жил л тогворжиж буй гэдгийг та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн тухайд Худалдан авах газрын үйл ажиллагаа хэдийнэ жигдэрсэн, олон улсад зарим талаараа туршлага хуваалцах хэмжээнд очсон, ажил үйлс нь амжилттай яваа гэдгийг энд зориуд онцолмоор байна. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк бидний хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг өндрөөр үнэлж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байгаа нь манай хамт олны ажил үйлс дэлхийд үнэлэгдэж буйн жишээ гэж би хувьдаа боддог.  Нөгөөтэйгүүр, бидэнд цаашид хийх, санаачлах ажил зөндөө бий. Ямартай ч ажил хүлээж авсан даруйд Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан шалгаруулж буй тендерийг зарлахдаа бүх зүйлийг ил тод, нээлттэй болгосон нь аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээсэн ажил болсон.  Үүний үр дүнд тендерийг арын хаалга, танил талаараа авдаг гэх ойлголтыг няцааж чадлаа. Тендерт ялсан компаниудын тухайд ямар нэг байдлаар бусдаас давуу учраас л шалгарч буй хэрэг. Харин амжилттгүй оролцсон аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд, та бүхний бүрдүүлсэн бичиг баримт ямар байдлаар дутуу эсвэл хуулийн шаардлага хангаагүйн улмаас шалгарч чадсангүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Гэхдээ манай байгууллага зөвхөн худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас гадна аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгдөг гэдгийг хэлэх ёстой. 

-Гүйцэтгэх засаглалын тэргүүн танай байгууллагын үйл ажиллагаатай танилцах үед та бүхэн цахим сис­темийн хэрэглээг нэвтрүүлсэн талаа­раа танилцуулж байсан.  Үр дүнг нь юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай байгууллагын үйл ажиллагаа­тай өнгөрсөн долоо хоногт танилцсан. Ямартай ч сэтгэл хангалуун буцсан байх. Ялангуяа сая таны дурдсан цахим худалдан авах ажиллагааны системийг амжилттай нэвтрүүлсэн асуудлыг өндрөөр үнэлсэн. Энэхүү системийг нэвтрүүлснээр бүхий л үйл ажиллагаа ил тод нээлттэй болохын зэрэгцээ хуурамчаар тендерийн материал бүрдүүл­дэг байсан хууль бус зүйлүүд бүрэн зогсоно. Хамгийн гол нь тендер будлиантай боллоо гэдэг хэл амаас манай байгууллага салж чадах төдийгүй ард түмний хардалтаас бүр мөсөн ангижрах нөхцөл бүрдсэн.   
Түүнчлэн бидний ойрын үед нэн хурдтайгаар эхлүүлэхээр чармайн ажиллаж байгаа зүйл бол худалдан авах ажиллагааны цахим системийг төрийн байгууллагуудын цахим системтэй холбох. Мөн тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагууд болон лавлагаа өгдөг байгууллагуудтай хамтран мэдээллийн сан үүсгэх, каталогийн систем бий болгох явдал юм. Ер нь бол олон багцтай тендерийн материал нэг портер ачаа болдог байсан юм. Эдүгээ цахим системд шилжсэнээр өнөө портер дүүрэн цаас чинь нэг дискт багтдаг болсон. Тэр хэрээр улсын төсөвт хэмнэлт авчирч буй. Тодруулбал, архивын хадгалалтын зардлыг хэмнэж чадсан гэсэн үг. 

-Монголын төр өнгөрсөн хугацаанд хичнээн хэм­жээний худалдан авалт хийв. Энэ жил хичнээн тэрбумын ажил гүйцэтгүүлэхээр төлөв­лөсөн бэ?   

-Сүүлийн гурван жилд хийсэн худалдан авалтын дүн мэдээг танилцуулая. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар Худалдан авах газраар дамжуулан 1100 багц тендерийг зарласан. Ажлын үр дүнтэй эргэж танилцахад 42 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн байх жишээ­ний. Энэ бол улсын эдийн засаг хүнд үед чамлахааргүй амжилт.  Түүнчлэн 2013-2015 онд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан 53948 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг 17411 иргэнд явууллаа. Мөн түүнчлэн тендер шалгаруулалтад олон нийтийн оролцоог бий болголлоо.  Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд гаргасан бас нэг амжилт бол зарлагдсан тендерүүдийг цахимаар шалгаруулах болсон асуудал. Энэ оны тухайд, тодруулбал, 2016 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 508 төсөл хэрэгжинэ. Үүний 450 нь он дамжсан ажил үлдсэн 53 нь л шинээр эхлэх ажил байгаа. 

-Засгийн газрын өнгөрсөн онуудад худалдаж авсан ажлын дийлэнх хувь дэд бүтэц, боловсролын салбар руу чиглэгдэв үү гэх бодол төрдөг. Ямартай ч манай улс дэд бүтцийнхээ 70 гаруй хувийг шийдчихсэн байж мэднэ. Харин ирэх оны тухайд улсын төсвийн хөрөнгөөр хийлгэх ажлын чиглэл ямар салбарыг түлхүү хамарч буй нь сонирхол татаад байна?  

Дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийгдэнэ. 2016 онд нийт улсын төсөвт хөрөнгө оруулалтын ажил 17 хувийг эзэлж байгаа. Урсгал зардал нь 83 хувь байна.

-Худалдан авах газрыг та тэргүүлж буй.  Тиймээс зарим салбарын хөрөнгө оруулалт дээр илүү анхаарал тавих эрх мэдэл танд бий юу. Миний бодлоор Засгийн газар эдүгээ эрүүл мэндийн салбараа өөд татах цаг болсон юм шиг санагдаад л ийн асууж байгаа хэрэг?

-Юун түрүүнд манай байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тиймээс төр, засгийн явуулж буй бодлогыг хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой.  Аль нэг салбарыг онцгойлж үзэх эрх бидэнд байхгүй. Бид зөвхөн төрийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг байгуулага. Тэгээд ч би үнэлгээний хороонд ордоггүй. Манай хэлтсүүд тус тусын хүлээсэн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг юм. Нөгөөтэйгүүр, би дээр хэлсэн, төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөллийг үнэлгээний хороонд оруулдаг.    

-Яам тамгын газрууд энэ онд худалдаж авах бараа, ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалтынхаа захиалгыг ирүүлж дууссан уу?

-Өнөөдрийн байдлаар зарим яам, тамгын газар  бараа, ажил үйлчилгээнийхээ захиалгыг 60 хувийг ирүүлээд байна.

-Ерөнхий сайд та бүхэнд  цахим гарын үсгийн асуудлыг  маш яаралтай ажил хэрэг болгохыг үүрэг болгосон. Энэ ажлын хэрэгжилт ямар түвшинд яваа вэ? 

-Цахим тендерийг бүртгэж дүгнэхэд цахим гарын үсэг онцгой үүрэг гүйцэтгэх учраас цаг алдалгүй аж ахуйн нэгжүүдийг цахим гарын үсэгжүүлэх ажлыг эхлүүлэхийг МТШХХГ-т үүрэг болгосон хэрэг.  Энэ ажил ирэх дөрөвдүгээр сард багтчих байх.

-Тендертэй холбоотой асуудлыг цэгцлэх тусам түү­нийг аргалах гэсэн хүмүүсийн арга улам нарийссан гэх яриа байдаг.  Жишээ татая л даа.  Цэцэрлэгийн барилгын тендер зарлагдсан гэж бодоё.  Гэтэл ялах сонирхол бүхий аж ахуйн нэгж мөлхөө байдлаар асуудлыг зохицуулдаг аж. Тодруулбал, тендерт ижил төстэй ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн материалуудыг өгөөд тэдгээр материал дотор өөрийнх нь бүрдүүлсэн материалаа тавьж буй шаардлагад нийцүүлж бэлд­сэнээр тендерийг өөрийн болгодог гэнэ лээ. Ийм нохой залийг хаах тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ? 

-Иймэрхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэлбэр бол дээр дурдсан цахим системд шилжих явдал.  Өмнө нь нэгдсэн системд шилжээгүй нэгдсэн нэг мэдээлэлгүй байсан учраас аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, гэрээний үүргээ зөрчсөн эсэх тухайд хуурамч материал бүрдүүлж өгөөд тэр нь шалгалтын явцад илэрсэн тохиолдол цөөнгүй байсан.  Одоо ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжийн бүхий   мэдээллийг нэгдсэн сүлжээгээр дамжуулан авах юм.  Гааль, ТЕГ нэгдэж байгаа учраас энэ хоёр байгууллага дээрх зөрүүтэй мэдээллүүд бүрэн арилж, компаниуд бүхий л зүйлээ үнэн зөв, ил тод мэдээллэхээс өөр аргагүй болно. Өмнө нь худлаа мэдээллээд л хар дансанд ордог байлаа шүү дээ. 

-Монгол Улсын Засгийн газар үндэсний үйлд­вэр­­лэгч­дээ дэмжих бод­лого баримталж буй. Тиймээс гүй­цэтгэгч байгуул­­ла­гуу­дад тавигдах шаард­лагад үндэсний бараа бүтээг­дэ­хүүнийг ашиг­лах гэсэн заалт байдаг уу. Бас нэг асуултыг дагал­дуулахад, жил бүрийн хичээ­лийн шинэ жилийн эхэнд хүүхдийн дүрэмт хув­цас хэл ам дагуулдаг.  Энэ нь хамгийн хямд үнийн санал ирүүлснийг шалгаруулдаг байдал нөлөөлдөг юм биш байгаа. Ер нь хямд зүйлийн насжилт тэр хэрээр богино байдаг гэдэг дээ? 

-Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоол үүнд хамаатай. Уг тогтоолын дагуу дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталсан. Жагсаалтад одоогийн байдлаар 101 бараа бүтээгдэхүүн багтсан. Үүнийг төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн ч ашиглах боломжтой. Хэрэвзээ үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ олон улсын чанар, стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа бол Аж үйлдвэрийн яамд хүсэлт гаргаад дээрх жагсаалтад багтаж болно. Ер нь бол сурагчийн дүрэмт хувцастай холбоотой эцэг эхийн гомдол жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд гардаг нь үнэн. Өнгөрсөн жил ч гарсан.  Дахин хэлэхэд, аж ахуйн нэгжүүд олон улсын чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол манай байгууллага дэмжихэд бэлэн. Гагцхүү тендерт ирүүлсэн баримт бичиг нь хууль эрх зүйн шаардлага хангасан байх ёстой. 

-Уучлаарай танд эвгүй сэтгэгдэл төрж магадгүй. Өнгөрсөн жилүүдэд танай ажилтнуудаас АТГ-т дуу­дагдсан хичнээн ажилтан байна вэ.  Хэл ам, гомдол салдаггүй гэдэг утгаар асууж байгаа юм? 

-Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-т дөрвөн л гомдол гарсан болов ч   зарим гомдол нь үндэслэлгүй байдаг.  Ер нь бол ажлаа шалгуулсан ажилтан ажилдаа улам хянам­гай болдог сайн тал ажиглагд­сан шүү. Нөгөөтэйгүүр, манай байгууллага авлигал, хээл хахуульд өртөх магадлал хамгийн өндөртэйд тооцогддог ч АТГ-аас гаргадаг авлигын эсрэг үйл ажиллагаагаараа 2015 онд Монгол улсын хэмжээнд хоёрдугаар байрт орсон нь бидний ажлыг дүгнэх бас нэг хэмжүүр гэж ойлгож байгаа. 

-Дэлхийн бусад улсын Засгийн газар дэргэдээ танай байгууллага шиг харьяа хэрэгжүүлэгч агентлагтай байх юм уу. Хууль, эрх зүйн орчинд нь эргэж хармаар зүйл танд ажиглагдав уу?

-Худалдан авах ажиллагааны салбар олон улсын түвшинд хөгжиж байгаа.  Манай улсын хувьд олон арван жилийн түүх­тэй байгууллагын хууль, эрх зүйн баримт бичгийг Монголын хөрсөн дээр соёолуулахын тулд тодорхой хэмжээнд судалгаа, шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа.   Бидэнд тулгамдсан асуудлууд бий. Аль болох асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж буй.  Бидэнд бусдаас сурах, туршлага судлах зүйл гардаг.

Гэтэл олон арван жилийн түүхтэй атлаа Монгол Улсаас, монголчуудаас сурах зүйл их байна гээд биднийг зориод ирэх улс бас байна аа.  Зарим улс “Бид та бүхнээс олон зүйлээр хоцорч яваа юм байна. Тиймээс танайхаас туршлага судлая” гээд л саналаа ирүүлж байх жишээтэй.  Энд нэг зүйлийг онцолж тэмдэглэхэд, Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа сайн байгаа нь гадаад хамтын ажиллагааг маш сайн авч яваагийн үр дүн гэж би хувьдаа хэлнэ. 
Өнөөдрийн байдлаар манайхтай БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (images / KOICA.phg), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, “Мэрси Корпс” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Бид тэдний итгэлийг хүлээж чадаж байгаа.  Энэ бол чамлахааргүй амжилт. 


-Хоёулаа ярианыхаа сэд­вийг жаахан өөрчлөе. Н.Отгонбаяр гэж хэн бэ. Миний дуулснаар та банк санхүүгийн байгууллагад багагүй хугацаанд алба хашсан туршлага бүхий эдийн засагч юм билээ?  

-Би харьцангуй залуу хүн учраас намтарсаад байх зүйлээр хомс шүү дээ. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Долоон хүүхэдтэй айлын бага нь.  Арван жилийн сургуулийг дүүргээд санхүүч мэргэжлийг эзэмшсэн. Үндсэн мэргэжил маань өөрт байгаа хөрөнгийг хэрхэн үр ашигтай, хэмнэлтэй зарцуулах гэдэг тухайд толгойгоо ажиллуулдаг болохоор, үнэнийг хэлэхэд бүх зүйлийг нягтлан бодогч, эдийн засагчийн нүдээр харах гээд байдаг гэмтэй. Ажил амьдралынхаа гарааг банкны салбараас эхэлж, банкны бүхий л шат дамжлагыг дамжиж ажиллаж, тэр хэрээр туршлага суусан гэж ойлгож болно. Хам­гийн сүүлд АНУ-д сургуульд явахынхаа өмнө банкны салбарын захирлаар ажиллаж байлаа. Эх орондоо ирээд Худалдан авах ажиллагааны газарт бараа худалдан авах ажиллагааны хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Энэ албан тушаалд томилогдоод удаагүй байна.  Ерөнхийдөө нэг иймэрхүү. 

-Монгол Улс эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар давж гарахад ямар хөшүүргийг ашиглавал үр дүнтэй гэж та хувьдаа бодож байна вэ?
 
-Дэлхий дахинаа эдийн засгийн хямралыг хэрхэн давж гарах талаар ухаанаа уралдуулж байгаа. Ийм цаг үед жинхэнэ менежер төрдөг юм.  Эдийн засаг өсөлттэй үед аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн чадавхи сайн байж, тэнд ажиллаж байгаа менежерүүд бүгд л сайн ажилласан нэр зүүдэг.  Харин одоо тэдэнд жинхнээсээ өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах хариуцлагатай үе ирсэн. Нөгөөтэйгүүр, тухайн оронд эдийн засгийг хөдөлгөгч гол хөгшүүрэг гэж нэг юм бий шүү дээ. Манай улсын тухайд нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулах салбар бол хөдөө аж ахуй, уул уурхай. Хятад, Япон, БНСУ зэрэг улсууд эко хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орсон энэ үед Монгол Улс байгалийн цэвэр эко хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадвал зах зээл дэх   валютын урсгалыг нэмэгдүүлж чадах юм. 
Дэлхий дахинаараа хүнсний цэвэр, эко бүтээгдэхүүн хэрэглэхийн төлөө улайрч байгааг бид ашиглан шинэ бизнес босгох ёстой байхгүй юу даа.  Мөн шинээр гарч ирж байгаа аж ахуйн нэгжүүдийг төр бодлогоор дэмжих хэрэгтэй.   Бас нэг зүйл бол юм хийж, сэтгэж чаддаг, хэдэн зуун хүнийг ажлын байраар хангаад зогсохгүй улсад их хэмжээний татвар төлдөг аж ахуйн нэгжийн удирдлагуудад төр хайр хишгээ харамгүй хүртээх ёстой юм шиг санагддаг.  Жишээ нь: Таванбогдын Ц.Баатарсайхан гэхэд 10 гаруй мянган ажилтантай гэдэг.  Монгол Улс 10 мянган төл хүлээж авсан хоньчинд хөдөлмөрийн баатар цол олгодог. Тэгвэл 10 мянган хүн тэжээж яваа бизнесменд   хөдөлмөрийн баатар цол хүртээж яагаад болохгүй гэж. М Си Эс-ийн Ж.Оджаргал ч ялгаагүй.   
Энэ хүмүүс шинэ цагийн Монгол Улсын бахархал мөнөөс мөн. Тэднийг урамшуулж гэмээнэ бүх хүч чадал, оюун бодлоо эх орондоо, эрхэлж буй бизнестээ зориулна биз дээ. Тэгээд ч хүн урмын амьтан. Дуучин Д.Болдод Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртээсэн явдал бол маш зөв алхам гэж би хувьдаа боддог.  Эдүгээ тэр дуучин залуу үеийнхэнд үлгэр дууриалал болж чадаж байна шүү дээ.  Хийж бүтээж байгаа хүнийг төр олж харж чадаж гэмээнэ улсын хөгжил тэр хэрээр урагшилна, эдийн засаг ч тэр хэрээр сэргэх нь зайлшгүй. Хямрал бол байх ёстой, тохиолдох ёстой л зүйл. Амьдрал хөрөөний ир шиг гэдэг биз дээ. Гагцхүү нэгэн цагт ирэх тэрхүү зүйлийг давж гарах бэлтгэл улс оронд, хувь хүнд, аж ахуйн нэгжид байх ёстой байхгүй юу. 

-Та харьцангуй залуу удирдагч. Залуучууд улс­төрийн үйл явдлаас залхаж эхэлсэн. Таны тухайд? 

-Улстөрийн нөхцөл байдал халуун байх тусмаа шийдвэл зохих асуудлын гарц тодорхой болоод байх шиг надад санагддаг. Заримдаа хэтэрхий их хүлээлт үүсгэчихдэг гэм ч бас бий.   Улстөрийн зөв шийдэл улс орны хөгжлийг тодорхойлдог шүү дээ. Эдүгээ залуучуудын амьдралд орон сууцны найман хувийн зээл амьдралд нь юугаар ч үнэлшгүй дэм болж өгсөн.  Улс төрийн энэ шийдлийг залуучууд алга ташаад л хүлээж авсан. Тун удахгүй зээлийн хэмжээг 5 хувь болгон бууруулж мэдэхээр байгаа. Тэгвэл бүр ч болоод явчихна. 

Манайхаас бусад бүх оронд зээлгүй хүн гэж байдаггүй юм билээ.  Банкны орон сууцны урт хугацааны   зээл нь өөрөө ирээдүйн хуримтлалыг бий болгодог. АНУ-ын сурч байхдаа ипотекийн зээлийн хүүгийнх нь хэмжээг сонсоод ийм бага байдаг юмуу гэж гайхаж, манай улс хэдийд ийм бага хүүтэй болох бол хэмээн мөрөөдөж байсан бол эдүгээ арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү дэлхийн түвшин рүү ойртсоор л байна.  

 Цаг зав гарган ярилцсан танд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: www.mminfo.mn Ч.Чулуунцэцэг

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР