Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Отгонбаяртай ярилцлаа
– Та өөрийгөө танилцуулахгүй юу?
– Миний аав ээж Ховд аймгийн Дарви сумын уугуул хүмүүс. Уул хадтай алтайн өндөр уулсын дунд төрж, тоглож өссөн болохоор бидний тэмцэх чадвар сайн тэсвэр хатуужил суусан байдаг болов уу гэж боддог. Миний үндсэн мэргэжил эдийн засагч, нятлан бодогч. Банкны системд хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ арав гаруй жил ажилласан. Төрийн албанд тэр дундаа Худалдан авах ажиллагааны энэ салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-д сурч 2012 онд төгссөн. Америкаас ирээд гурав хоноод Худалдан авах ажиллагааны газарт ажилд орж байсан. Тухайн үед хөрөнгө оруулалтын талаас мэргэшсэн хүн ховор байсан учраас энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн маань энэ салбарт орох боломжийг нээж өгсөн гэж боддог.
– Худалдан авах ажиллагааг удирдаж байгаа хүний хувьд энэ салбарт тулгамдсан асуудлыг хэрхэн хардаг вэ?
– Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Банкны хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ арав гаруй жил ажилласан. Төрийн худалдан авалтын чиглэлээр сүүлийн дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энд ажиллах хугацаандаа хувийн хэвшил нь ямар давуу, сул талтай байдаг харин төрд ямар давуу, сул тал байна гэх зэрэг дээр үнэлэлт дүгнэлт хийж чадах хэмжээнд хүрч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр Худалдан авах ажиллагааг иргэдэд яаж хүртээмжтэй, ил тод шударга байлгах вэ гэдэг зүйлийг олж харсан. Мэргэжил маань өөрөө 100 төгрөгийг яаж 200 төгрөг болгох тухай бодуулдаг нарийн ажиллагаатай юм шүү дээ.
– Худалдан авах ажиллагааны газар байгуулагдснаас хойш улсын төсөвт хэдэн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?
– Монгол улсын худалдан авах ажиллагааны газар, нийслэл хот, 21 аймгийн салбар нэгж 2012-2015 оны хооронд нийтдээ 115.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байна. Энэ нь өнөөдрийн байдлаар 100 хүүхэдтэй цэцэрлэгийг нэг тэрбум төгрөгөөр барьдаг гэж үзвэл нийтдээ 115 цэцэрлэг барих хэмжээний зардлыг хэмнээд байна гэсэн үг юм.
– Яам, тамгын газрын газраас танайд тендерийн захиалга өгөхдөө өртөгийг нь зохиомлоор өсгөж төсөвлөсөн гэх хардалт олны дунд гардаг?
– Одоо ийм хардалт үгүй болсон, олон улсад нээлттэй тендер шалгаруулж буй учраас бодит зах зээлийн ханшаар аж ахуйн нэгжүүд худалдан авах ажиллагаанд оролцдог болсон. Үүний үндсэн дээр тендерийн өртгийг бодит зах зээлийн үнэлгээгээр хэрэгжүүлж, дээрх хэмжээний хэмнэлтийг бий болгоод байна. Гурван жилийн хугацаанд 115.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гэдэг бага зүйл биш шүү дээ.
– Худалдан авалтын үйл ажиллагааны тухайд иргэд, аж ахуйн нэгжүүд багагүй шүүмжлэлтэй ханддаг. Зардал чирэгдэл ихтэй, тендерийн будлиан гээд л ярьдаг. Та эдгээр асуудлыг үндсээр нь шийдвэрлэх болсон тухай хэлж байгаа хүн?
–Монгол улсын хэмжээнд худалдан авах ажиллагааг цахим системд 100 хувь шилжүүлэхээр сүүлийн гурван жил үе үеийн удирдлагуудтай нь хамтран ажиллаж ирлээ.. Худалдан авах ажиллагааны салбарт олон жилийн өмнө тендерийн будлиан үүсгэж буруу зөруу дүгнэлээ гэдэг маргаан багагүй гардаг байсан. Тийм хэл амнаас болж төрийн сайд хүртэл ажлаа өгч байсан удаа бий. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар шалтгаанаар хэл ам гараад байгаа тал дээр бид судалгаа хийсэн. Нэгдүгээрт тендерт оролцох гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээлүүд гардгийг судласан. Хоёрдугаарт захиалагч тал болох яам, тамгын газруудад ямар асуудлууд байна вэ гэдэг асуудлыг судласан. Койко олон улсын байгууллага, Самсунг, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж ирлээ. Самсунг корпорацийг сонгож дөрвөн сая доллараар цахим системийн нэгдүгээр үе шатыг хийлгэсэн. Үүний дараа бид Цахим системийн хоёрдугаар үе шатны ажлыг нь хийлгэх санал тавьсан боловч биднээс арван сая доллар шаардлагатай болсон. Бид энэ төслийг хэрэгжүүлж чадах аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж, Монгол компанийг сонгож Цахим хоёрдугаар үе шатны төслөө амжилттай хэрэгжүүлж дуусаж байна.
Анх 2014 онд цахим системийнхээ хоёрдугаар үе шатны төслийг санаачилаад Засгийн газарт саналаа танилцуулж улсын төсөвт суулгасан.
Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд бол цахим системийн программ хангамжид чадваржсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл бид 1.4 тэрбумаар цахим системийн хоёр дахь үе шатаа хийгээд дууслаа. Ийнхүү Монгол улсын Худалдан авах ажиллагаанд Цахим систем бүрэн нэвтэрснээр өмнө нь тендерт оролцох гэж байгаа аж ахуйн нэгжүүдээс багадаа л 350 мянгаас 2 сая төгрөгийн тендерийн материалийн зардал гардаг байсан явдал халагдлаа.
Мөн цахим системд бүрэн шилжилсний эхний давуу тал нь тендерт оролцогч аж ахуй нэгжүүд тендерийн материалаа ямар ч үнэ төлбөргүй авдаг болсон хэрэг юм. Энэ ажлыг дэлхийн аль ч улс оронд хэрэгжүүлж эхлээгүй байхад Монголчууд бид хийж анх чадсан гэж гэдгээрээ бахархмаар санагддаг.
Өнөөдөр манай аж ахуй нэгжүүд тендерийн материалаа үнэ төлбөргүй аваад, магадгүй энэ тендерт манай компани шаардлага нь хангах юм байна гэж үзсэний эцэст худалдан авалтад оролцохдоо л мөнгөө төлөх болсон гэсэн үг. Өмнө нь тендерт тухайн компани ялах ялахгүйгээ мэдээгүй байж дор хаяж 100-500 орчим мянган төгрөгөөр тендерийн материал худалдаж авдаг байсан. Энэ байдлыг л тэглэж байгаагаараа онцлог юм.
Учир нь төрийн байгууллага хоорондоо мэдээллээ үнэгүй солилцох хүрээнд худалдан авах ажиллагааны энэхүү шинэ систем бий болоогүй байхад аж ахуйн нэгжүүд бүрдүүлэх материалаа тухайн газруудад очиж мөнгө төлж авдаг байв. Жишээ нь, шүүхийн шийдвэрийн тодорхойлолтыг авахын тулд тухайн газарт очиж ганц тодорхойлолт авах гэж 7500 төгрөг төлдөг. Дээр нь тухайн тендэрт оролцох гэж маш олон газраас лавлагаа, тодорхойлолт гэх албан бичиг гаргуулах гэж тээврийн хэрэгслийн зардал, хугацаа маш их алддаг байсан. Харин энэ хүндрэл зардал чирэгдэл одоо арилж, цахимаар шаардлагатай бичиг баримтаа авчихдаг болсон. Тиймээс одоо аж ахуйн нэгжүүд манайд зөвхөн үнийн санал, төсөв, ижил төстэй хийж байсан ажлынхаа мэдээллийг л явуулах болсоннь хаана хаанаа амар хялбараар асуудлаа шийддэг боллоо. Энэ давуу талыг бид бий болгож чадсан нь шударга өрсөлдөөнийг бий болгож байгаа юм. Аж ахуй нэгжүүд чөлөөтэй өрсөлдөх боломжтой гэсэн үг. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн эрхлэгчидэд хандаад энэ салбарыг удирдаж буй хүний хувьд би та бүхэнд хандаж, хэн нэгэнд бүү найд зөвхөн өөрийнхөө компанидаа болон өөртөө л итгэ гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл танайх боловсон хүчнээ чадавхижуулаад, тэднийхээ нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байх, цаг тухайд нь татварынхаа өрийг төлөх, мөн өөрийн аж ахуйн нэгжийн зүгээс шаардагдах хувийн шаардлагаа хангаад явж байгаа бүх аж ахуйн нэгжид манай үүд хаалга нээлттэй.
Олон улсад нээлттэй тендер зарлаад хэдэн төгрөгийн хэмнэлт гаргалаа. Энэ зардал нь эргээд нөгөө архивын зардалдаа явчихдаг байсан. Шалгараад үлдсэн компанийн материалыг бүх насаар нь хадгалдаг байсан явдал халагдлаа. Олон багцтай тендерийн материал бол жижиг ачааны машины тэвш дүүрэн “цаас” болдог, ийм л хуучин жишиг үйлчилдэг байсан. Энэ зэргийн зардлууд одоо үгүй болсон. Бид хэмнэлтийг бий болгож чадсан. Олон улсад нээлттэй тендер зарлаад ирэхээр мэргэжлийн байгууллагууд ч энэ өрсөлдөөнд бэлдэж өөрсдөө чадваржиж байна. Цахим системийн хоёрдугаар үе шатанд бүрэн шилжснээр худалдан авах ажиллагаанд хүний оролцоо ч 100 хувь үгүй болж, тендертэй холбоотой маргаан үгүй боллоо.
-Шинэ систем нэвтрүүлээгүй байхад аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд аль танилтай нь тендер авч болдог гэх зөрүү ойлголт, хардалт бүрэн халагдлаа гэж ойлгож болох уу?
-Тиймээ, үнэхээр бүрэн халагдаж чадсан. Энэ шинэ систем бий болсноор манай байгууллагад ч сайн муугаар хардуулах эрсдлээс салах том давуу тал бий болсон гэж ойлгож болно. Хаана хаанаа ямар ч маргаангүй, сүлжээгээр дамжин олон нийтэд нээлттэй хяналттай болсон гэсэн үг юм. Өнгөрсөн жилийн хугацаанд бид тендерийн баталгааг бүх арилжааны банкнуудаас цахим сүлжээгээр авахад нэг ч хуурамч материал ирээгүй. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэг л буруу үйлдлээс болоод гурван жил төрийн худалдан авах эрхээ хасуулдаг. Мэдээлэл худлаа ирүүлснээсээ болж л тэр шүү дээ. Ийм жижиг зүйлээс болоод гурван жил эрхээ хасуулах нь тухайн аж ахуйн нэгжүүдийн хувьд хохиролтой байдаг.
– Тендерийг буруу шалгаруулсаны эцэст “жинхэнэ” хохирогч нь хэн болж үлддэг юм бэ?
– Таньд нэг жишээ хэлье, та эмч хүнд энэ барилгыг барь. Харин эсрэгээрээ барилгын инженер хүнийг нэг өвчтөнд мэс засал хийж чадах уу гэдэгтэй л асуудлыг зүйрлээд үзье. Бид өнөөдөр буруу сонголт хийгээд нэг аж ахуйн нэгж тендерт ялчихлаа гэхэд Монгол улс хохирдог. Өнөөдөр 100 хүүхдийн цэцэрлэгийг нэг тэрбум төгрөгөөр 2016 онд барина гээд төлөвлөчихсөн байтал чадваргүй барилгын компанийг сонгосноос болж магадгүй барилгаа барьж чадахгүйд хүрнэ. Тэрбумаар барих ёстой, тодорхой хугацаа заагаад өгчихсөн цэцэрлэг маань ирэх жилийн төсөвт шилжихдээ мөнгөний ханшийн өсөлтэй тулгардаг.
Өөрөөр хэлбэл энэ жил 1 тэрбумаар баригдах байсан цэцэрлэгийн барилгын ажил хугацаа алдсан тохиолдолд дараа жил нь 1.5 тэрбумийн өртөгтэй болох тохиолдол бий.
Тендерийн үйл ажиллагаанд буруу шийдвэр гаргасан тохиолдолд жинхэнэ хохирогч нь төр, Монгол улсын иргэд байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бол тухайн тендерт оролцох явцын зардал л гарсан байдаг. Харин зарим аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу тендерийн материалаа бэлдээгүй байж, “манайх тендерт ялах байсан” гээд шүүхэд гомдлоо гаргаад 1-2 жилийн маргаан болдог. Энэ хугацаанд барилгын ажлын анхны төсөвт өртөг 25-75 хувиар өсдөг.
–Тендертэй холбоотой маргаан шүүхэд их очдог байх. Шүүхийн байгууллага энд яаж ханддаг бэ?
–Улс орны бүтээн байгуулалттай холбоотой тендерийн асуудалтай холбоотой шүүхийн маргааныг Франц улсын жишээгээр авч үзэхэд тэд ийм маргааныг 45 хоногийн дотор шийдэх хуультай байдаг юм билээ. Гэтэл манай улсад тендертэй холбоотой маргаан 1-2 жилийн хугацаанд 3 шатны шүүх дамжин үргэлжилдэг. Энэ бүхний хойно улс, ард иргэд л хохирч үлддэг. Дээрь ярьсан тэрбумаар босох байсан цэцэрлэгийн барилга тухайн заасан хугацаандаа, аль нэг компанийн хариуцлагагүй байдлаас болж баригдаагүй тохиолдолд дараа жил нь багадаа 25 хувиар нэмэгдэж төсөвлөгддөг. Ийм аюултай. Нэг тэрбумаар барих ёстой байсан цэцэрлэгийн ажил хариуцлага алдсан этгээдтэй нь шүүхдэлцээд хоёр жил явсны дараа нөгөө цэцэрлэг маань хоёр тэрбум төгрөгөөр босох болсон байх жишээтэй. Цаг хугацаа алдах тусам барилгын өртөг нь улам нэмэгдээд байдаг аюултай. Тиймээс улс орны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд саад учруулсан энэ асуудалд хуулийн байгууллагаас онцгой ач холбогдол өгч шуурхай ажиллах хэрэгтэй байгаа юм.
– Манай иргэд, аж ахуйн нэгжүүд ямар нэг аргаар л тендер авчих юмсан гэж “үзээд” байдаг?
– Ер нь хүмүүс тухайн салбарт танилтай бол тендер авчихна гэж ойлгодог болтой юм билээ. Харамсалтай нь ийм нөхцөл боломж байдаггүй гэдгийг хэлэх байна. Цахим системд бүрэн шилжснээр ийм төрлийн хардлага сэрдлэг арилж, тендерийн бүхий л ажиллагаа шилэн болж, ямар нэгэн албан тушаалтан, хувь хүнээс хараат бусаар явагдаж, тендерт ялсан аж ахуйн нэгжийн мэдээлэл цахим системд бүрэн тавигдана.
Ингэхлээр аж ахуйн нэгжүүд, ард иргэд та бүхэн тендерийн ажиллагаанд дүгнэлт хийж, хяналт тавих боломж бүрдэж байгаагаараа энэ системийн нэг давуу тал оршиж байгаа юм.
Тиймээс өмнө нь танил талаараа тендер авч болдог гэсэн ойлголттой явдаг аж ахуйн нэгж, иргэд байсан бол одоо тийм зүйл байхгүй, байх ч боломжгүй гэдгийг дахин сануулмаар байна.
– Цахим сисемийн хоёрдугаар үе шат 2016 оны 6-р сарын 05-аас хэрэгжиж эхлэх гэж байгаа юм байна. Төрийн болон бусад олон улсын байгууллагуудын мэдээлэл энд төвлөрөх болсон тухай талаар та мэдээлэл өгөөч?
– Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Цахим системийг Худалдан авах ажиллагаанд 100 хувь хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Үүний дагуу үе шаттайгаар ажлууд амжилттай хэрэгжиж дуусаж байна. Монголчууд бидний хийсэн энэ Цахим системийн хоёрдугаар үе шатанд Дэлхийн банкнаас үнэлгээ хийсэн байгаа. Цахим программыг Дэлхийн банкны шинжээчид ашиглаж болно гэсэн дүгнэлт хийж, энэ системийг туршлага солилцох тухай яригдаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл Монголчуудын хийсэн системийг дэлхий дахинаа сонирхож үнэлээд эхэллээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк өнөөдөр манай улсад зээл тусламж, буцалтгүй тусламж бүтээн байгуулалтын ажлыг худалдан авах ажиллагааны газраар дамжуулан явуулъя гэдэг саналаа ирүүлсэн байгаа. Өнөөдөр бидний үйл ажиллагааг олон улсад үнэлээд байна. Азийн хөгжлийн банкнаас боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжээд нийт 50 сая долларын худалдан авах ажиллагааг манай байгууллага руу эрх шилжүүлж өглөө. Бид захиалгаа аваад ажлаа хийгээд явж байна. Манай байгууллагын зүгээс захиалагч талууд буюу яамд, тамгын газруудад цахим сургалтаа явуулчихсан. Аж ахуйн нэгжүүдэд хандаад долоо хоног бүрийн пүрэв гарагт онлайнаар сургалт явуулж байгаа. Оноос өмнө яамдууд болон 21 аймгийн тамгын газрын мэргэжилтнүүдэд цахим сургалт хийсэн. Ямар ч л гэсэн энэ ажлыг эхлэх нь чухал юм. Манай улсад ямар нэгэн шинэ зүйл ажил хэрэг болгон эхлүүлэхэд их хүндрэлтэй байдаг. Гэхдээ дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй ийм үйл ажиллагааг бид өөрсдөө амжилттай эхлүүлэх л шаардлагатай байгаа юм.
-Та энэ их ажлын хажуугаараа өөртөө хэр зав гаргаж байна. Чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг гэсэн байхаа?
-“Замбараагүй хүнд зав гардаггүй” гэдэг үг бий. Төлөвлөж чаддаггүй хүнд зав гарахгүй. Сүүлийн үед найз нөхөддөө завгүй гэж хэлэхээ болиод байгаа. Өөртөө долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийх зав гаргадаг. Монгол хүн эрүүл байж улс орныхоо хөгжлийн төлөө их бага хэмжээгээр хувь нэмэр оруулах юм. Улс орны хөгжил иргэн та биднээс өөрөөс нь эхлэдэг гэдгийг үр хүүхэд найз нөхөддөө хэлмээр санагддаг. Нэг үе бааранд залуучууд их ордог байсан бол одоо фитнесс бялдаржуулах төвд их явж эрүүл мэнд, хөдөлгөөнд анхаарал хандуулдаг болсон байна. Эрүүл байх эх суурь нь хөдөлгөөн гэдгийг залуус маань мэдэрдэг болсон нь сайн талтай. Залуус зөв төлөвшилтэй болж байгаагийн шинж.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн маань хүн бас эдийн засагч, оюутан үеийн маань нэг анги. Манай аав бас эдийн засагч мэргэжилтэй. Манай гэр бүлийнхэн тодорхой хэмжээнд Монголын эдийн засгийн салбар гэх энэ том, нэр хүндтэй салбарт хувь нэмрээ оруулж яваа хүмүүс бий. Эхнэр маань Аудитын байгууллагад сургууль төгссөн цагаасаа хойш ажиллаж байгаад 2007 оноос хойш хувийн бизнес эрхлэх болсон.
– Таны эрхэлж байгаа ажил элдэв хэл ам, гомдол санал ихтэй байдаг бизээ, энэ танд хүндрэлтэй санагддаг уу
– “Зөв гэж бодвол зоригтой бай, үнэний төлөө үхэхээс бүү ай” гэдэг үг байдаг шүү дээ. Миний хашиж байгаа албан ажил маань хэл ам ихтэй. Худалдан авах газар гэхээр хүмүүс тендертэй холбогдуулан хэл ам гаргах нь их байдаг. Уг нь би гэдэг хүн Монгол улсад Худалдан авах арга хэмжээтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх гэж зүтгэж яваа жирийн нэг төрийн албан хаагч шүү дээ. Залуу хүний хувьд миний нэг эрхэмлэдэг шинж чанар бий. Залуучууд бид одоо л шударга зөв зарчмаар ажиллаж, зүтгэж байж бидний хойч үеийнхэн болсон үр хүүхдүүд маань үр өгөөжийг нь хүртэж шударга нийгэмд зөв амьдрах болно гэж ойлгодог.
Гадны хөгжилтэй орнууд шиг гудамжаар нь явахад гутал тоос дардаггүй, битүү ногоон байгууламж болсон тийм л соёлтой орчин нөхцлийг залуучууд бид хүсэж байгаа. Тэр бүхнийхээ эхлэлийг бий болгохын тулд залуус та бид ажиллаж хөдөлмөрлөх ёстой гэдгийг хэлмээр санагддаг.
Үүний тулд эх орныхоо бүтээн байгуулалтын их үйлсэд залуу хүн бүр хоёргүй сэтгэлээр, хойш ухрах эрхгүйгээр зүтгэх нь чухал юм гэж үздэг. Монгол улсад нэг ч гэсэн барилга баригдаж , нэг ч гэсэн зам тавигдаасай гэж боддог. Ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй, гаднаа шороо тоос боссон нөхцөлд бид шороонд дарагдсан “lexus 570” машин унаад брендийн цүнх барьж яваад яах юм бэ. Дэлхийн олон орны соёлт ард түмэн биднийг харж байхад бид нэгнийхээ дээр гарах гэж худал үнэн дайралт хийх ямар шаардлагатай юм. Телевиз үзэх гэхээр дандаа хүн шүүмжилсэн, дарамтласан янз бүрийн хэл амтай мэдээлэл гарах болж. Би үнэндээ тийм мэдээлэл үздэггүй. Бид нэгнээ муулж маргаж муудалцлаа гээд хэнд ч сайхан харагдахгүй шүү дээ. Харин ч цөөхүүлээ байж бид бие биенээ дэмжиж, амьдрал боловсролыг нь дээш татах талаас нь туслаж явах хэрэгтэй байгаа юм.
– Энэ салбарт цаашид хийх ажлын тухайд ч ярилаа. Таниас хувийн шинжтэй асуулт асууя. Таны үеийнхэн улс төрд их орох сонирхолтой болчихож. Та улс төрд орох бодол бий юу?
– Ганцхан тодорхой зүйлийг хэлмээр санагддаг. Бүх хүн улс төрч болоод дээшээ гарчихвал хэн улс орны бүтээн байгуулалтанд гар бие оролцох вэ, хэн зам барилга барих вэ, хэн үйлдвэрт ажиллах вэ?. Миний хувьд тангараг өргөсөн төрийн албан хаагч. Тиймээс улс төрд орж нэр дэвших, карьер хөөх бодол надад алга байна., Улс төрчид нь улс төржөөд явна л биз, бизнес хийх нь бизнесээ хийе, хүн ер нь чаддаг юмаа л хийх нь зөв юм болов уу гэж боддог доо.
– Ярилцлага өгсөнд баярлалаа.
– Баярлалаа, та бүхний ажилд өндөр амжилт хүсье
Ц.Мөнх
Эх сурвалж: “Өдрийн сонин”
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР