Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит компаниудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор “Өнөөдөр Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 89, үйл ажиллагаа нь зогссон ч тамга тэмдэгтэй 7 компани байна.
Энэ компаниудын өр 2012 онд 3 их наяд байсан бол 2015 оны эцсийн байдлаар энэ өрийн хэмжээ 10.5 их наяд болж гурав дахин өсжээ. Авлага нь 1.2 их наяд байсан бол 2.2 их наяд болж нэмэгдсэн байна. Эдгээр 90 гаруй компанийн хөрөнгийн үнэлгээ нь нийтдээ 21 их наяд төгрөг.
89 компаниас 30 орчим нь ашигтай ажилладаг бол үлдсэн 50 гаруй нь алдагдалтай ажилладаг.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниудыг цаашид дөрвөн чиглэлд хуваарилан зохион байгуулах санал гаргаж, Засгийн газарт танилцуулахаар боллоо.
- Үйл ажиллагаа явуулдаггүй 8-9 компанийг татан буулгах /Мах корпораци, Дарханы газрын тосны үйлдвэр гэх мэт/
- Өөрчлөн байгуулах, нийлүүлэх /Ижил чиг үүрэгтэй компаниудыг нийлүүлэх/
- Хувьчлах /Төрийн банк, Хөрөнгийн бирж/
- Хувьчлахгүй компаниуд буюу стратегийн ач холбогдолтой компаниуд. Эдгээрийн менежментийг сайжруулах чиглэл барина /Дулаан, цахилгааны станц, МИАТ, төмөр зам, уурхай/ гэж дөрөв ангилсан.
Төсвийн төсөл дээр хувьчлагдахаар суусан байгаа компаниудыг хувьчилна. Харин цаашид энэ дөрвөн чиглэлийг барихаар санал болгоод байна” гэв. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газарт танилцуулсны дараа асуудал бүрэн шийдэгдэх ажээ.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн асуудлаар мэдээлэл өгөөч?
-49 хувийн хувьчлал зөв буруу эсэх дээр бид оролцохгүй. Энэ бол урьд нь явсан зүйл. Би 49 хувийг худалдан авсан талтай хурал хийх тухай хэд хэдэн удаагийн хэлцэл хийсэн. Өнөөдөр ЗГХЭГ дээр сүүлийн хэлцлээ хийнэ.
49 хувийн талаас гаргасан ТУЗ-өө хоёр жилээр томилох, захирлаа хоёр жилээр томилох гээд асуудал шийдэгдэхгүй байгаа. Бусад асуудлуудыг нь тохирчихсон. Энэ асуудлаа шийдчихвэл “Эрдэнэт үйлдвэр” компанийн ТУЗ хуралдахад бэлэн.
Өнөөдөр манай компанийн хууль их нарийн. Төр 51 хувийг эзэмшиж байгаа гээд нөгөө талдаа шууд тулгаж болохгүй. Бид одоогоор бүх асуудлаа бичгээр хийж байгаа.
-Төрийн өмчит компаниудын өр яагаад ингэж их нэмэгдэх болов?
-Би ихэнхийг нь удирдлагын менежментийн алдаа юм болов уу гэж харж байна. Гэхдээ албан ёсны дүгнэлт гараагүй.
Ер нь зах зээл дээрх үнэ унах, удирдлага менежментийн алдаа, үргүй зардал их гаргах, шахааны бизнес, урьдчилгаа төлбөр зэрэг хэд хэдэн шалтгаантай.
-Төрийн өмчит компаниудын удирдлага, ТУЗ-ийн гишүүд ашигтай ажиллаж байгаа эсэхээсээ үл шалтгаалж доллараар маш өндөр цалинждаг. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Төрийн өмчийн бүх компаниудыг урамшуулал, орон сууцны дэмжлэг, гадаад томилолт, амралтын нэмэгдлээ зогсоо гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газраас өгсөн.
Ер нь төрийн өмчийн 89 компанийн арваад компанид л 5 саяаас дээш төгрөгийн цалин авдаг 30 гаруй хүн бий. Үлдсэн нь 2-3 сая төгрөгийн цалин авдаг юм билээ.
5 саяас дээш төгрөгийн цалинтай дарга нарын цалинг Засгийн газрын шийдвэрээр 30 хувь хасчихсан.
Эдийн засгийн үр ашигтай холбогдохгүйгээр урамшуулал, дэмжлэг хөнгөлөлт үзүүлдэг системийг бид эргэж харах ёстой. Мөн компанийн шинэ засаглалын хэлбэрт орох хэрэгтэй.
-Та сая хувьчилж болохгүй компаниудыг хэллээ. Цахилгаан станц, МИАТ, төмөр зам зэргийг яагаад хувьчилж болохгүй гэж үзсэн юм бэ. Ялангуяа МИАТ-ыг хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс олон байна?
-Энэ Засгийн газрын шийдвэр биш, хувийн үзэл баримтлал. Төр үндэсний аюулгүй байдалд чухал томоохон компаниудаа хувьчилдаггүй, өөрөө удирддаг туршлага дэлхий дахинд бий