Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж Монгол Улсын Их хурлаар батлуулахаар тогтоолын төслийн саналыг бэлтгэж байна.
Энэхүү төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн сайжруулж улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршино.
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зарчим, зохион байгуулалт, арга хэлбэр, хугацааны хувьд:
- Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хувийн хэвшлийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн оролцоог багасгах эдийн засгийн бүтцийг бий болгох, хууль эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх, төрийн өмчлөлөөр дамжуулан зохицуулж байгаа төрийн зохицуулалтын ажиллагааг багасган зах зээлийн харилцаанд нь шилжүүлэх;
- Хувьчлах,өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг жил бүр батлан тэдгээрийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга,хэлбэрийг нэг бүрчлэн тогтоон үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах, салбарын яамтай хамтран төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан байгууллага хариуцан гүйцэтгэж хуулийн этгээдийн эдийн засагт эзэлж буй байр суурь, үйл ажиллагааны онцлог, зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хувьчлалын уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах зэрэг аргуудыг түлхүү хэрэглэх, төрийн мэдлийн хөрөнгө болон хувьцааг хувьчлан худалдсны төлбөрийн тодорхой хэсэгт арилжааны банкнаас гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ашиглан ажиллана.
Үндэс чиглэлийг 2017-2018 онд хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн өмчит 5 байгууллагыг бүрэн хувьчлах, 8 байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, 6 байгууллагыг бүтцийн өөрчлөлт хийж, өөрчлөн зохион байгуулахаар тусган ажиллаж байна.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС